УИХ-ын гишүүд УУЧЛАЛ гуйх чадамжтай юу
2021-04-06

 

Аль ч парламентад хуралдааны ирц бүрдүүлэх нь УИХ-ын Тамгын газрын Ажлын албаныханы хүндхэн үүрэг байдаг. Чуулган, байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхээр гишүүд, туслах руу нь утас цохиж, өрөө рүү нь гүйх гээд тэд хугацаа тулсан хуралд хүндэтгэх шалтгаангүй, утасаа авахгүй гишүүдийн эрэлд гарна. Харин хотын түгжрээ, ямар нэг шалтаг тайлбартайгаар гишүүд товлосон хугацаанаас хоцорсон ч хээв нэг аажуу, тайван алхан орох нь ердийн үзэгдэл. Ээлжит чуулган бүрийн дараагаар хуралдааны ирцийн болон идэвхийн талаарх мэдээлийг Тамгын газраас гаргадаг. Нэг ээлжит чуулганы хугацаанд байтугай парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд ховор үзэгдсэн гишүүд ч байдаг. Гэхдээ тэд ямар нэг хариуцлага хүлээдэггүй, наанадаж цалингаас нь ч суутгадаг заалт байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлсэн ч хариуцлагаа хүлээлгүйгээр дараагийн сонгуульдаа ордог талтай.

 

Цар тахлын энэ үед цахимаар хуралдаж байгаа гишүүдийн ирц цагтаа бүртгэгдэж, эхэлж байгаа гэдэг ч эргэлзээтэй. Учир нь цар тахлын халдвараас урьдчилан  сэргийлэх  арга хэмжэний хүрээнд УИХ хэвлэлд “хаалттай” болсон. Тиймээс ч энэ парламентын гишүүдийг байтугай парламентын үйл ажиллагааг дүгнэх боломжгүй. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, мөрдөж байгаа. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хавар, намрын чуулганы хуралдах хугацааг уртасгаж 75 хоног болгосон. Тиймээс энэ хаврын ээлжит чуулган шинэчлэгдсэн хуулиар гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн билээ. Цаашлаад Дэгийн тухай хуулиар гишүүд чуулган дээр горимын санал хэлэх бол өмнөх өдрийн ажлын цаг дуусахаас өмнө УИХ-ын даргын зөвлөлд нэрээ бүртгүүлсэн байх заалт хэрэгжиж байгаа. Энэ заалтыг зарим гишүүд эсэргүүцдэг хэдий ч баталсан хуулиа мөрдөх нь тэдний үүрэг. Харин саяхан Б.Бат-Эрдэнэ С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  санаачлан боловсруулж, өргөн бариад байгаа.  Уг хуулийн төслөөр гишүүд  бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой  юм билээ.

 

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.  Дүрэм батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

 

Энэ хуулийн төсөлд тусгасанчлан гишүүд уучлалт гуйж, цалингаасаа торгуулах  заалтыг дэмжих үү гэдэг эргэлзээтэй.  Учир нь УИХ-ын гишүүд өөрсдөдөө халтай хууль батлахдаа эрх ашгийн зөрчил үүсгэдэг. Чуулганы танхимд хэн нэгнээсээ, хэсэг бүлгээсээ ёс зүй шаарддаг ч ямар нэг үүрэг хариуцлага хүлээгээгүй ирсэн нь үүнийг гэрчилнэ. Жирийн нэгэн иргэн, албан хаагчийн тухайд зургаан сар хүртэл цалингаар торгуулах, наанадаж нэг сарын цалингийн 20 хувиа хасуулах нь өрхийн төсөвт нь зохих дарамт ирнэ, хүндээр тусна. Харин гишүүдийн тухайд цалингаас хасуулах асуудал хүндрэл бус. Зарим нь УИХ-ын гишүүний цалингийн хэмжээг ч мэддэггүй, мэдсэн ч үл тоох хэмжээний бизнесмэн, улстөрчид энэ парламентад бий. Харин тэдэнд нэр төрөө эрхэмлэх нь юу юунаас үнэт зүйл нь. Тиймээс л нэр бүхий гишүүдийн санаачилсан УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм төсөлд тусгагдсанаараа батлагдах нь эргэлзээ төрүүлж байна.

 

Уг нь ёс зүй, хариуцлага, хүний эрхийг УИХ л олон нийтэд үлгэрлэх үүрэгтэй. Гэвч гишүүд бие биендээ хатуу үг чулуудаж, хариуцлага тооцохоор мэдэгдэл хийдэг ч тэгсгээд намддаг. Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр болсон маргаанаар Ж.Сүхбаатар “Ж.Ганбаатар чи бүхнийг мөнгөөр шийддэг” гэсэн үгэнд хэн хэн нь хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн хоёр биенээсээ уучлал гуйх төдий ёсчлоод өнгөрсөн.  Учир нь УИХ-ын гишүүн хуралдааны танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг гишүүд хэрэгжүүлдэгийн тод жишээ энэ юм.

Харин ёсзүйн дүрмээ хэрхэн батлахыг харах үлдлээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар хоорондоо ч дүүрчээ . Алтанхуяг гишүүн генералуудий солиороод бай гэх юм .ёстой гайхмаар.
2021-04-07
Nam bus irgen:
Huraldaa suuhgui baigaa hulgaichuudiig erguulen tataach.
2021-04-06
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал, хөл хорио тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-04-06
зочин:
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
2021-04-06
Зочин:
Ардчиллын буянаар монгол улс дээрээ ч хариуцлагагүй доороо ч хариуцлагагүй болсон.
2021-04-06