Германы эмч COVID-19 шинжилгээний хуурамч хариу зардаг байжээ

img

Германы хувийн эмч Испанийн Майоркад амраад ирсэн хүмүүст коронавирусийн тестийн сөрөг хариуг хуурамчаар үйлдэн зардаг байсан талаар Фокус агентлаг мэдээлжээ. Эмч ийм хуурамч тодорхойлолтыг 80 еврогоор зардаг байсан гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Майоркад амралтаас буцахын тулд коронавирусийн шинжилгээ өгөх хүмүүс шинжилгээний цэгүүдээр дүүрч, дугаар олдохгүй болжээ. Шинжилгээ өгөөд хариу нь эерэг гарвал гэр рүүгээ буцах боломжгүй, зочид буудалд дахин хөл хорионд байх шаардлагатай юм. Энэ асуудлыг Испанийн Майорка арал дээр ажилладаг Германы эмч овжноор ашиглан, ямар ч шинжилгээ хийхгүйгээр амрагчдад коронавирусийн сөрөг хариутай тодорхойлолт гаргаж өгдөг байсан гэнэ. 

 

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, ийнхүү хуурамч тодорхойлолт зарснаар Герман руу халдвар авсан хүмүүс ч орж ирсэн байх эрсдэлтэй аж. Ингээд сэтгүүлчид эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэх явцад Майорка арал дээр амраад буцахдаа Германы эмчээс мөнгө төлж тодорхойлолт авсан хэд хэдэн гэрчүүд үүнийг баталсан байна. Харин энэ хэрэгт буруутай эмч одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй гэнэ. 

 

Фокус агентлагийн мэдээлснээр, Германы Засгийн газар коронавирусийн өвчлөл өндөр байгаа тул аялахаас татгалзахыг уриалж байгаа ч Улаан өндөгний баярыг 40 мянга орчим герман хүн арлыг зорьж өнгөрүүлэхээр шийдсэн байна. Германд халдварын тохиолдол их байгаа тул хилийн чанадаас ирсэн бүх хүн ирэхээсээ хоёр өдрийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байхыг шаарддаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Badarch taxar:
Sergelen emch uym da
2021-04-07
Бусдад үлгэрлэгч:
Манайхнаас туршлага судалж муу герман чинь ккк
2021-04-07