Сурагчдын алдагдсан цаг хугацаа эдийн засагт хүнд цохилт өгнө
2021-04-08

Коронавирусийн цар тахал дэлхий даяар дэгдэж, олон улс оронд дунд сургуулиуд хаагдан, хүүхдүүд алсын зайн сургалтад шилжин багагүй хугацааг өнгөрүүлэв. Зарим улс оронд хичээлийг хэвийн үргэлжлүүлэх болсон ч олон оронд урьдын адил хүүхдүүд цахимаар хичээллэсээр байгаа юм. Харин ийнхүү сурагчдын алдсан цаг хугацаа тэдний ирээдүйд төдийгүй улс орны эдийн засагт асар их хор хохирол учруулна гэж шинжээчид үзжээ. 

 

Өндөр хөгжилтэй орнуудад боловсролын системд коронавирусийн үзүүлэх нөлөөний талаар судалсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд дээрх дүгнэлт тусгагдсан байна. 

Израиль бол бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн удаан хугацаагаар сургуулиудыг хаасан өндөр хөгжилтэй орнуудын нэг. Дээрх судалгааны зэрэгцээ Израилийн банк боловсролын системд цар тахал хэрхэн нөлөөлсөн талаарх тайлан бэлтгэжээ.

 

"2020-2021 онд боловсролын системийн үйл ажиллагаанд баримталсан бодлого нь иргэдийн бүхий л амьдралынх нь туршид орлого нь буурах, тэгш бус байдал нэмэгдэх байдлаар илрэх урт хугацааны үр дагавартай" хэмээн тайланд дүгнэсэн байна. 

 

"Алдагдсан цаг хугацаа" ямар үнэтэй вэ?


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд бусад судалгаануудаас авсан тоон баримтуудыг оруулжээ. Тухайлбал, 1-12 дугаар ангиййн сурагчид хичээлийг гурван сар тутамд зогсоосны "хариуд" амьдралынхаа туршид орлогынхоо дунджаар 3 хувийг алдах гэнэ. Тухайлсан нэг оронд урт хугацаанд үүсэх хохирол нь олон тэрбум доллараар хэмжигдэнэ гэж шинжээчид онцолжээ.

 

"Сургууль завсарлах нь суралцагч бүрт өөр өөр үр дагавар дагуулж, улмаар нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлнэ гэдэг нь хамгийн ноцтой. Цар тахлаас ч өмнө боловсролын систем дэх тэгш бус байдал  асар том асуудал болсоор байсан" хэмээн тайланд өгүүлжээ.

 

Израилийн сурагчид хичнээн хохирол амсав? 

Израилийн банкны тайланд өгүүлснээр, 2021 оны хоёрдугаар сарын сүүл хүртэл Израилийн боловсролын систем бүрэн хэмжээгээр ажиллаагүй байна. Дунд сургуулийн сургалтын өдрүүдийн 40 хувьд нь сургууль хаалттай, сурагчид алсын зайн сургалтад хамрагдаж байжээ. Харин 60 хувьд нь сургуулиуд хэсэгчлэн нээгдэж, зарим ангиуд, цөөн өдрөөр хичээллэж байсан аж. 

 

Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байдал өөр. Тэнд сургалтын өдрүүдийн 60 хувьд нь танхимаар хичээллэж, ердөө 15 хувьд нь сургуулийг хааж байжээ.

 

Энэ нь бусад орны үе тэнгийнхэнтэй харьцуулахад Израилийн сурагчдын амжилтын үзүүлэлт буурахад ихээхэн нөлөөлнө гэж Израилийн банк дүгнэсэн байна. 

 

Түүнчлэн, алсын зайн сургалтад шилжиж, сургуулиулыг хааснаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэнэ. Мөн хүүхдүүдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 27 хувь нь эхний хөл хорионы дараа хүүхдүүдийнх нь сэтгэлзүйн байдал муудсан гэж хариулсан бол хоёр дахь давалгааны дараа 33 хувь нь ийм хариулт өгсөн байна. 

 

Ядуус улам ядуурна 

Израилийн банкны тайланд өгүүлснээр, суралцагчдад учирсан хохирол тэдний эцэг эхийн нийгэм эдийн засгийн байдлаас ихээхэн хамаарсан аж. Ядуу айлын хүүхдүүд илүүтэй хохирчээ. Тэд цахим сургалтад шаардлагатай компьютергүй, интернетгүй учир бусдаас ихээхэн хоцорчээ.

 

Израилийн 6000 багшаас судалгаа авахад, багш нар 75 хувь нь цахим сургалт үр дүн багатай гэж үзсэн бол 73 хувь нь нийгмийн хамгаалалгүй гэр бүлийн сурагчид цахим сургалтын улмаас илүүтэй хохирсон гэж үзсэн байна. Мөн эцэг эхчүүдийн боловсрол эсвэл орлого их байхын хэрээр сурагчид гэрийн даалгавраа гүйцэтгэхэд тэднээс илүүтэй тусламж авч байжээ.

 

Коронавирусийн цар тахалтай жил өмнө нь ч байсан, нийгэм эдийн засгийн янз бүрийн давхаргаас гаралтай сурагчдын амжилт хоорондын зөрүүг асар ихээр нэмэгдүүлэх аюултай гэж Израилийн банк дүгнэсэн байна. Тиймээс цахим сургалтын системийг сайжруулж, хүүхдүүд сурлагаар илүүтэй хоцрогдож байгаа ангийн сурагчдад онцгой анхаарал хандуулахыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин