Швейцарт татварыг биткоиноор төлөхийг зөвшөөрчээ

Швейцарын Цуг мужид криптовалютыг өргөн хүрээнд ашиглаж эхэлжээ. Blick сэтгүүлийн мэдээлснээр, энэ мужид татварыг биткоиноор төлөх боломжтой болсон байна. Техникийн саад бэрхшээл улам багасаж, гудамжинд байх түц, дэлгүүрүүдээс ч биткоинтой карт худалдан авах боломжтой болсон гэнэ.
Энэ оны гуравдугаар сараас эхлэн жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдэд Cryptonow нэртэй ваучер гарган, цахим мөнгө хэрэглээнд нэвтэрсэн байна. Тавиас 500 хүртэлх франкын үнэ бүхий карт санал болгож байгаа бөгөөд энэ нь анхлан хэрэглэгчдэд зориулсан, тэдэнд шинэ валютыг аюулгүй хэрэглэх туршлага суулгах зорилготой аж.
Сryptonow карттай хүн бүр ухаалаг утас эсвэл компьютерээрээ хүссэн үедээ идэвхжүүлж болох гэнэ. Идэвхжүүлсний дараа ваучерын үнийн дүн тухайн цагт үйлчилж буй ханшаар биткоин болон солигдох юм байна. Үүнд аюулгүй байдлын өндөр стандартыг ханган хэдхэн үйлдэл хийхэд хангалттай аж. Энэ ваучерт биткоинууд найдвартай, удаан хугацаанд хадгалагдах юм байна.
"Биткоины эрэлт ойрын жилүүдэд улам хурдтай өснө. Энд зүгээр баяжих тухай яригдаагүй. Хүмүүс "цахим алт" гэж нэрлэгддэг хараат бус валютыг хэрэглэх боломжтой байх ёстой. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулж болно. Швейцарт биткоинтой картаар шатахуун түгээгүүрийн газраар үйлчлүүлэх нь тун удахгүй энгийн л үзэгдэл болно" гэж шинжээч Симон Грилка өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ