АНУ: Амны хаалт зүүгээгүй охиноос болж онгоцноос бүх зорчигчийг буулгажээ
2021-04-08 09:00

Дөрөвдүгээр сарын тавны өдөр Америкийн Spirit Airlines агаарын тээврийн компани амны хаалт зүүх журам зөрчин, онгоцноос буухыг татгалзсан гэр бүлээс болж хөлгийн бүхий л зорчигчдыг буулгасан талаар Инсайдер мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орландо, Флорида-Атлантик Сити, Нью-Жерси чигэллийн нислэг хоёр цаг гаруй саатжээ. Онгоцонд болсон хэргийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдсан бөгөөд гэхдээ хэргийн нарийн нөхцөл байдал одоо хэр тодорхойгүй гэж Инсайдер мээдэлсэн байна. 

 

Дүрс бичлэг дээр онгоцны үйлчлэгч эмэгтэй нөхөр, жирэмсэн эхнэр, хоёр бяцхан хүүхэдтэй гэр бүлийг амны хаалт зүүх журам зөрчсөнтэй холбоотойгоор онгоцноос буухыг хүсчээ. Харин бичлэг дээр эцэг, эх хоёулаа амны хаалт зүүсэн байх бөгөөд гагцхүү ээжийнхээ өвөр дээр суун, хооллож буй охин амны хаалтгүй байжээ. 

 

"Журам зөрчсөн тул та бүхэн онгоцноос буух ёстой гэж би та бүхэнд хэллээ. Ийм зүйл болоосой гэж би хүсээгүй" хэмээн онгоцны үйлчлэгч өрхийн тэргүүнд хандан хэлэх аж. Эхнэр нөхөр хоёр хэн амны хаалт зүүх журам зөрчсөнийг асуухад хүүхэд рүү зааж, өөрсдөө буухгүй бол бүхий л зорчигчдыг буулгаж, цагдаа дуудна хэмээн анхааруулсан байна.

 

Эх сурвалжийн мээдэлснээр, холбооны хуулийн дагуу хоёроос дээш настай бүх зорчигч онгоцонд амны хаалттай зорчих ёстой бөгөөд гагцхүү хоол идэх үедээ амны хаалтаа авч болох гэнэ. Ийм журам автобус, метро зэрэг олон тээврийн хэрэгсэлд үйлчилж байгаа юм байна. 

 

Дүрс бичлэг дээр эцэг, эх охиноо сарын өмнө хоёр нас хүрсэн гэжээ. Агаарын тээврийн компанийнхан мэдэгдэл хийхдээ эцэг эх нь ч мөн адил амны хаалт зүүгээгүй байсан ч энэ нь дүрс бичлэг дээр гараагүй хэмээн онцолсон байна. 

 

Ингээд энэ гэр бүл онгоцноос буухаас татгалзсаны улмаас бүх зорчигчдыг буулгасан байна. Энэ нь аль нэг зорчигчтой зөрчилдөөн үүсвэл бүгдийг онгоцноос буулгадаг энгийн протокол аж. Онгоцноос буулгасны дараа, амны хаалт зүүгээгүй хэрэгт буруутгагдсан гэр бүлийнхэн компанийн удирдлагын төлөөлөгчидтэй уулзан, амны хаалттай байхыг зөвшөөрснөөр тэднийг тухайн нислэгээр зорчихыг зөвшөөрсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкууд эрх чөлөөгөө буруугаар эдэлдэг.
2021-04-13
Huuli duremtei uls ornuudad sxn ymaa. Buh ym huuliin daguu, heregjuulehgui bol hatuu arga hrmjeeg avdag.
2021-04-08