ШУУД: Эрх баригчид Ерөнхийлөгчтэй тэмцсээр нэг жил өнгөрч байна
2021-04-08

 

12:00 цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Дараагаар нь Хоршооны тухай хуулийг хэлэлцэж эхлэв.  

 

10:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байгаа нь эрх баригчдын улс төрийн бодлого, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзсэн байна. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг зүй ёсны гэж дэмжиж байна. ҮХЦ бага суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргахгүй байна. Үүнд олонх болсон МАН хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хууль дээдлэх бодлого бол улс төрийн намын биш Үндсэн хуулийн зарчим байх ёстой гэлээ. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн талаас нь ярьсан. ҮХЦ-д Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдлээр оролцдог. Хоригийн асуудал  бол албан тушаалтан дээр тавих нь буруу жишиг тогтоно. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдлийг булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан зохистой зарчимд нь оруулах гээд байгаа юм. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг мөн. Сүүлийн үед Ерөнхийлөгч гэдэг хүн авлигатай тэмцэгч, Засгийн газарт чиглэл өгдөг дүрд орсон. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл байхгүй хэмээв. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Цар тахал гараад 1.4 жил болж байна. Үүнийг далимдуулж төр, засаг Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор танхимаар хуралдаж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй тэмцэл хийсээр нэг жил өнгөрч байна. Авлигатай тэмцэх хууль, Шүүхийн тухай хуулийг оруулж ирж эрх мэдлийг өөрсдөдөө авлаа. ҮХЦ-ийн гишүүнийг дундаас нь сугалж байна. Баяр наадмын тухай, Морины сэрвээний тухай гээд онцын шаардлагагүй хууль оруулж ирдэг. 1.1 их наяд төгрөг, 10 их наяд төгрөг гээд төсөл хөтөлбөр батлаад бүх аймагтаа шинжилгээний аппарат бий болгоогүй байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин