Тувагийн тэргүүн өөрийн хүсэлтээр огцров
2021-04-08

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг нь хүлээн авчээ. Улмаар Тувагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Владислав Ховалыг томилогдсон талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Улмаар Путин Ховалыгтай цахимаар холбогдон, уулзалт хийжээ. "Та бол туршлагатай хүн Улс орныхоо нөхцөл байдлыг нарийвчлан мэднэ. Шинэ ажлаа хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Таныг дэмжихийн тулд өөрийн зүгээс шалтгаалах бүхий л зүйлийг хийнэ" хэмээн Путин мэдэгджээ.

 

Албан тушаалаа өгсөн 54 настай Шолбан Кара-оол 2007 оноос эхлэн Туваг удирдсан юм. 2008 онд  Тувагийн Их хурал  тухайн үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандан Тувагийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохыг хүсэж байлаа. Ерөнхийлөгчид хандсан хүсэлтэд Тувад нас баралт, гэмт хэргийн гаралт зэрэг үзүүлэлтүүд Орос орон дахь хамгийн  өндөр төвшинд тооцогдож байгааг онцолж байв.

 

Ньюс.ру агентлагийн мэдээлснээр, Туваг Чеченьтэй харьцуулах нь түгээмэл бөгөөд энэ хоёр бүс нутагт хоёуланд нь сөрөг хүчин байдаггүй,  эрх барьж буй намд л ард түмэн нь саналаа өгөх хандлагатай байдаг гэнэ. 2020 онд Оросын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгад Тувагийн сонгогчдын 97 хувь нь дэмжсэн санал өгсөн бол 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Тувагийн сонгогчдын 91 гаруй хувь нь Путиний төлөө саналаа өгчээ. 

 

Путиний айлчлалын дараах халаа сэлгээ 

 

Шолбан Кара-оол өнгөрсөн онд хоёронтоо коронавирусийн халдвар авсан юм. Тэрбээр энэ халдварт өвчнийг туссан, Оросын захирагчдын анхных нь болсон бөгөөд хоёронтоо туссан цорын ганц хүн болсон юм.

 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 24-ний өдөр тэрбээр олон нийтийн сүлжээнд дүрс бичлэг оруулж, "Нутгийнхан минь, энэ өвчнийг дахин тусах эрсдэлтэй юм байна. Би дахиад халдвартын эмнэлэгт хэвтчихлээ, хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авлаа" хэмээн өгүүлж байв. 

 

Тухайн үед Оросын эрүүл ахуйч эмч нар Орост коронавирусийн халдвар давтан авсан хүн бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байлаа. Улмаар Шолбан Кара-оолыг Москвад эмчилсэн бөгөөд сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад есдүгээр сарын сүүлээр гарсан юм.

 

Гуравдугаар сард шинжээчид таамаглал гаргахдаа Кара-оолыг огцорч мэдэх гурван захирагчийн тоонд багтааж байлаа. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусах юм. Ведомости сонины Кремльд ойр эх сурвалжуудын өгүүлснээр Кара-оолыг Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ойр хүн гэж үздэг байна. Оросын Ерөнхийлөгч Путин Шойгутай хамт Тувад гуравдугаар сард амарсан юм. Үүний дараа Кара-оол огцрохоор болсон нь олны анхаарлыг татжээ. 

 

"Битгий гайхаарай, би үүнийг сайтар бодож хийсэн. Энэ шийдвэрийг өөрөө өөртөө гаргасан. Намайг дэмждэг Ерөнхийлөгчид баярлалаа. Би түүнтэй зөвлөлдсөн. Сонгогчид намайг зөвөөр ойлгоно гэж найдаж байна. Би чадах чинээгээрээ л хичээсэн" хэмээн Кара-оол олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

Тувагийн тэргүүний сонгууль есдүгээр сарын 19-нд болох юм байна. 

 

Тувагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Владислав Ховалыг

 

Владислав Ховалыг 53 настай. 1992 онд Красноярскийн улсын их сургуулийг "Эрхчзүйч" мэргэжлээр төгссөн. Мөн ондоо Тувагийн Өмчийн улсын хорооны эрхзүйн асуудал хариуцсан ерөнхий мэргэжилтнээр томилогджээ.

 

Тэрбээр санхүүгийн албаны дарга, төсвийн хөрөнгийг буцаах хэлтсийн дарга, Тувагийн Сангийн яамны төрийн худалдан авалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад 2006 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуйн Оросын академи төгсчээ. 2007-2008 онуудад Бүгд Найрамдах Тува Улсын Газар, өмчийн харилцааны сайдаар ажиллаж байгаад дараа нь Тувагийн нийслэл Кызыл хотын даргын албан тушаалыг 10 жил хашсан байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин