Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний нэг удирдагчид Лондон орогнол олгожээ
2021-04-08

Хонконгийн эсэргүүцлийг удирдагчдын нэг, өдгөө эрэн сурвалжлагдаж байгаа Натан Лод улс төрийн орогнол олгохыг Их Британийн эрх баригчид зөвшөөрсөн талаар  South China Morning Post мэдээлжээ.

 

"Дөрвөн сарын турш дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагууд шалгаж, уулзаж, ярилцсаны эцэст орогнол олгохыг хүссэн өргөдлийг дэмжсэн гэж Их Британийн Дотоод хэргийн яам мэдэгдлээ" хэмээн Ло Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хятад баталсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан бөгөөд энэ эсэргүүцлийг удирдагчдын нэг, эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэн Натан Ло өнгөрсөн оны долдугаар сард Лондон руу дүрвэжээ. Өнгөрсөн онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь салан тусгаарлах, алан хядах ажиллагаа, төрийн эрх мэдлийг тасалдуулах, гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдах зэрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээ нь бүх насаар нь хорих ял байхаар тусгасан байна. 

 

Өдгөө 27 настай Натан Ло оюутнуудыг удирддаг, Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байжээ. Тэрбээр 2014 оны зун болсон "шүхэрт хөдөлгөөн" гэдгээрээ алдартай олон нийтийн эсэргүүцэлд оролцсоныхоо төлөө найман сар хоригдож байв. 2016 онд тэрбээр Хонконгийн түүхэн дэх хамгийн залуу хууль тогтоогч болсон ч удалгүй огцорсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин