COVID-19: Шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүст ч сөрөг үр дагавар гарч болзошгүй
2021-04-08

Коронавирусийн халдвар тусаад хөнгөн эсвэл шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүст ч мэдрэлийн эмгэг, зарим тохиолдолд мэдрэлийн системийн өвчлөл үүсэх зэрэг эрүүл мэндэд нь сөрөг нөлөө учирж болзошгүй гэнэ. Энэ талаар Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова "Лента.ру"-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

"Энэ нь ковид тусаад эдгэрсэн хүн бүрт эрүүл мэндэд нь сөрөг нөлөө учирж болзошгүй гэсэн үг биш. Гэхдээ биеэ тогтмол ажиглаж, эмгэг процесс явагдаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой" хэмээн профессор өгүүлжээ.

 

Тэрбээр Нидерладын эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн ийм дүгнэлт хийж байгаагаа тайлбарласан байна. Нидерландын эрдэмтдийн судалгааны үеэр коронавирусийн халдвар авсан сармагчингууд хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч эдгэрснээс 35 хоногийн дараа тэдний тархийг судлахад гаднаас хараад мэдэгдэхээргүй, тархин дахь мэдрэлийн үрэвслийн шинж тэмдгүүд илэрчээ.

 

"Найман сармагчнаас ердөө нэгнийх нь тархи гэмтээгүй байсан. Өвчин нь эдгэрсний дараа амьтидын зан байдал өвчлөөгүй амьтдаас огт ялгарахгүй байсан, хоолны дуршил хэвийн, харааны рефлекс болон бусад үзүүлэлтүүд ямар ч асуудалгүй. Харин тархин дахь өөрчлөлтүүд нарийн судалгааны үндсэн дээр л илэрсэн" хэмээн профессор өгүүлжээ.

 

Коронавирусийн өвчлөлийн дараа гарах хүндрэл маш бага судлагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Мөн коронавирусийн халдвар нь төв мэдрэлийн системийг гэмтээж болзошгүй гэж олон орны эмч мэргэжилтнүүд анхааруулдаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин