Их Британид АстраЗенека вакцин тариулсны дараа 19 хүн нас баржээ

Британи, Шведийн хамтарсан АстраЗенека компанийн боловсруулсан, коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа 19 хүн нас барсан талаар Их Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн зориулалтын хэрэгслийн хяналтын агентлаг мэдэгдсэн талаар ТАСС агентлаг дамжуулжээ.
Түүнчлэн энэ агентлаг 30-аас доош насныханд АстраЗенека вакциныг тарихгүй байхыг зөвлөсөн байна. "Тун цөөн тооны хүнд гаж нөлөө илэрч болзошгүй" гэдэг үүднээс ийм зөвлөмж өгсөн гэж агентлагийн тэргүүн Жун Рейн мэдэгджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар вакцины эхний тунг хийлгэсэн 20 сая хүн дундаас цусны бүлэгнэл үүссэн 79 тохиолдол илэрсэн гэнэ. Тэднээс 19 хүн нас барсны дотор гурван хүн 30-аас доош насныхан байсан аж.
Эргэн сануулахад, тарилга хийлгүүлсэн хүмүүст цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд гарсны дараа Европын хэд хэдэн орон АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоосон юм. Харин вакцин боловсруулагч компани коронавирусээс сэргийлэх бэлдмэл аюулгүй гэж мэдэгдсэн бөгөөд вакцины дараа 17 сая гаруй хүний эрүүл мэндийг судлахад уушгины артерийн цусны бүлэгнэл үүсэх зэрэг эрсдэлийн мэдээлэл гараагүй гэж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ