COVID-19: Энэтхэгт вакцин дуусан хөл хорьж, германчууд хатуу хорионы төлөө жагсав
2021-04-12 08:30

2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод илэрсэн коронавирус дэлхий даяар түгээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд дэлхий даяар 135 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 2.9 сая гаруй хүн энэ халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Дэлхийн улс орнууд өдгөө коронавирусийн цар тахлын ээлжит давалгаатайгаа тэмцэхийн дээр хүн амаа вакцинжуулах ажлаа үргэллүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн улс орнуудад цар тахалтай холбоотой ямар үйл явдлууд болсон талаар тоймлон хүргэе. 

Германд хатуу хөл хорио тогтоохыг шаардан жагсав 

Германы эрчимт эмчилгээний тасгийн ор дүүргэлтийн үзүүлэлт цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлтдээ хүрсэн талаар Германы эрчимт болон яаралтай эмнэлгийн тусламжийн нийгэмлэгийн тэргүүн Кристиан Карагианнидис мэдэгджээ. Яг одоо хөл хорио тавьсан ч ойрын 10-14 өдрийн хугацаанд энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ гэдгийг анхааруулж, улс төрчдийг шуурхай арга хэмжээ авахыг тэрбээр уриалсан байна. 

 

Зарим иргэд ч хатуу хөл хориог дэмжиж байгаа талаар DW агентлаг мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд, коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудыг хязгаарлахад чиглэсэн илүү хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэмжсэн жагсаал Германы хэд хэдэн хотод болсон байна. Бремен болон Ганноверт болсон жагсаалуудад 200 гаруй хүн оролцсон бол Гёттингенд 50 орчим, Дюссельдорфод 70, Берлиний Шарите эмнэлгийн ойролцоо 20 гаруй идэвхтэн цуглаж, ажлын байран дээр халдвар нэмэгдэхийн эсрэг арга хэмжээ авахыг уриалжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ойрын үед Германд тахлын эрсдэл өндөр байгаа бүс нуутгуудад хөл хорих цаг тогтоож магадгүй гэнэ. Ийм арга хэмжээ Халдварт өвчнөөс сэргийлэх болон түүнтэй тэмцэх шинэ хуулийн төсөлд тусгагджээ. Хуулийн төсөлд сүүлийн долоо хоногийн хугацаанд 100 мянган хүн амд 100-аас их тохиолдол бүртгэгдсэн бүс нутгуудад 21.00-05.00 хүртэл хугацаагаар хөл хорих цаг тогтоохоор тусгагджээ. Энэ хуулийг шуурхай батлахаар зэхэж байгаа гэнэ.

 

Хельсинкид хязгаарлалтыг эсэргүүцэв 

Германд ийнхүү хатуухан хөл хорио тавихыг уриалсан бол Финландын нийслэлд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцэн жагслаа. ВВС агентлагийн мэдээлснээр, коронавирусийн халдварын тархалтыг багасгахад чиглэгдсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал болж, энэ үеэр 20 хүн саатуулагдсан байна. Тэднийг цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүй гэж торгох гэнэ.

 

Зохион байгуулагчид эсэргүүцлийн жагсаалын талаар зохих байгууллагуудад мэдэгдээгүй, түүнчлэн цагдаагийнхны шаардлагыг биелүүлж, тараагүй байна. Наринккатори талбай дээр 300 орчим хүн жагсаж, цагдаагийнхан тэднийг тарахыг хүссэн ч эсэргүүцсэн тул ийнхүү зарим оролцогчийг саатуулжээ. Финландад коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх үүднээс нэг дор зургаагаас дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа юм.

 

Ливид вакцинжуулалт эхэлж, Энэтхэгт вакцины нөөцгүйн улмаас хөл хорив 

2014 оноос 2020 оны хооронд иргэний дайн дэгдэж, дайны хөлд дарагдсан үеэсээ хараахан өндийж чадаагүй байгаа Ливид коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлсэн нь өнгөрсөн амралтын өдрүүдийн онцлог мэдээллүүдийн нэг байлаа. Тодруулбал, Триполи хотод тус улсын түр Ерөнхий сайд  Абдель Хамид Дбейба болон Эрүүл мэндийн сайд Али аз-Зинати нар эхний тунг хийлгүүлсэн байна. Ливийн түр Ерөнхий сайд иргэдийг интернэтээр дамжуулан вакцинд хамрагдахаар бүртгүүлэхийг уриалсан бөгөөд танхимынх нь эрхэм зорилтуудын нэг нь вакцинжуулалтын ажил хэмээн мэдэгджээ.

 

Ливи улс долоон сая орчим хүн амтай бөгөөд энэ улсад 167 мянга орчим коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгсдэнээс 2800 гаруй өвчтөн нас барсан байна. Ливи улс Оросоос 200 мянган тун "Спутник V" вакцин, түүнчлэн олон улсын Ковакс хөтөлбөрийн хүрээнд 57.6 мянган тун АстраЗенека вакцин хүлээн авсан юм. 

 

Ийнхүү Ливид вакцинжуулалт эхэлсэн бол Энэтхэгт энэ ажил зогслоо. DW агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн 125 сая хүн амтай Махараштра мужийн эрх баригчид вакцины нөөц хангалтгүй улмаас амралтын өдрүүдэд хөл хорио тогтоохоор болсон байна. Энэ арга хэмжээ дөрөвдүгээр сарын сүүл хүртэл үргэлжлэх аж. Мужийн оршин суугчид нэн шаардлагатай эсвэл хүнс, эм бэлдмэл авах зорилгоор л гэрээсээ гарч болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Корона гуай АН, МАН- г ялгаж мэдэх үү? Тэр бүү хэл улс орнуудыг баян ядуу ч гэж ялгахгүй бна шүү дээ! Манайхан өөрсдөө л аятайхан бай л даа! Юм л бол огцор гэх. Ядаж бхад крөнхийлөгч гэж ардуудаа хэрэлдүүлээд хагаралдуулаад бдаг нэг гай бнаа! Хурдхан тэр сонгууль нь болоод зайлаад өгөөсэй! Өрх бүрт нэг сая гээд хуцаад бхын ! Тэр чинь тэгш хувиарлалт болохгүй шүү дээ. Хэр чадлынхаа хэрээ өгч л бна . Ковидын дараах амьдрал , улсын хөгжил гэж нэг юм бх блгүй дээ. Байдгаа барчаад яаж даоаа нь амьдрах юм бээ!!!!!!
2021-04-12
Хол хорио сайн хийхгүй бол 3.3 сая хүнтэй Монгол Улс хүнд байдалд орж болзошгүй
2021-04-12
gadaad ornuud iim baihad manai oron hhhmmm hul horiloo gej durgyitsaad l sonin hymyys shy. baga deer ni humihgyi bol hetsyyd ni . ene hul horiogoo 5 sariin 1 hyrtel bolgowol zyger de!
2021-04-12