Бразил улс дахь цар тахлын нөхцөл байдал хяналтаас гараад багагүй хугацаа өнгөрч байна. Өдрөөс өдөрт энэ улсад халдвар, нас баралт нэмэгдсээр байгаа юм. Латин Америкийн энэ улс коронавирусийн халдварын тохиолдол болон энэ халдвараас үүдэлтэй нас баралтын үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт орж байна. Томоохон хотуудын эмнэлгүүд өвчтөнүүдээр хэдийнэ дүүрч, вакцинжуулалт удаашралтай байгаа талаар NBC мэдээлжээ.
Өнгөрсөн хоногт гэхэд л тус улсад 1803 хүн коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш тус улсад COVID-19-ийн улмаас нийт 353 137 хүн нас барсан байна.
Гуравдугаар сард гэхэд л энэ улсад ковидын улмаас 66.5 мянган нас баралт бүртгэгдсэн нь 2020 оны зургадугаар сард бүртгэгдсэн үзүүлэлтээс хоёр дахин их байгаа юм. Харин энэ сард нас баралт улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару хөл хорио тогтоохоос татгалзаж, вирусийн аюулыг төдийлөн ойшоохгүй хэвээр байгаа гэнэ. Энэ нь цаашдаа Бразил улс шинэ "штаммуудын лаборатори" болж, өөрөөр хэлбэл энэ улсад вирус мутацид орон, дэлхий даяар тархах аюултай гэж эрдэмтэд анхааруулж байна.
RFI агентлагийн мэдээлснээр, томоохон хотуудын эмнэлгийн ор хэдийнэ дүүрч, тухайлбал Сан-Паулу хотын томоохон хувийн эмнэлгийн ор дүүргэлт 108щ4 хувь болсон байна. Өөрөөр хэлбэл эрчимт эмчилгээнд ор байхгүй, ор хүлээж байгаа өвчтөнүүдийн жагсаалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж. Улсын эмнэлгүүдэд ч нөхцөл байдал нэн хүндэрч, өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхээс өмнө эмнэлгийн түргэн тусламжийн машин дотор олон цаг хүлээдэг болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |