Сансрын нисэгчид хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн мэнд дэвшүүллээ
2021-04-12

Олон улсын сансрын станцад байгаа Роскосмосын сансрын нисэгчид болох Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, Олег Новицкий болон Петр Дубров нар Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн мэнд дэвшүүлснийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

Станцын удирдагч Рыжиков дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тохиож буй Сансар судлалын өдрийн баярын мэнд хүргэж, бүх хүнд Олон улсын сансрын станцаас мэндчилжээ. 

 

"Найзууд аа, энэ өдөр бид та бүхэнд ойн мэнд, баяр хүргэж байна. Сансар огторгуйг судлахад амьдралаа зориулсан хүн бүрт баярлалаа. Хүн төрөлхтнийг сансар судлах ажилд нь урагшлуулж өгсөн, энэ ажлыг үргэлжлүүлж байгаа хүн бүрт талархаж байна" хэмээн Дубров өгүүлжээ.

 

Харин сансрын нисэгч Кудь-Сверчков хэлсэн үгэндээ Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сансарт ниссэн нь дэлхийн түүхэнд эргэлт хийсэн үйл явдал байсныг онцолсон байна.

"Энэ нислэг хийхээр гарсан хүн нь манай улсын иргэн Юрий Алексеевич Гагарин. Энэ өдөр дэлхий дахин түүний нэрийг мэдэж авсан бөгөөд учир нь чухамхүү тэр өдөр сансрын нислэгийн түүх хэмээх шинэ түүх эхэлсэн юм" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг дэлхий дахинаа Сансар судлалын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ онд Юрий Гагариныг суулгасан "Восток 1" хөлгийг "Восток" пуужин тээвэрлэгч задгай сансарт хүргэсэн үйл явдлын 60 жилийн ой тохиож байна. Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон бөгөөд тэрбээр дэлхийг нэг тойроод мөн өдөртөө Дэлхийд эргэн ирсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин