С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөх шаардлагатай
2021-04-12

 

Энэ удаагийн УИХ-ын хаврын ээлжит чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн цикльтэй давхцаж байгаагаараа онцлогтой. Үүнтэй холбогдуулан  Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд юу вэ?

 

-Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан гол гол хуулийг өөрчлөх ёстой. Нийтдээ 46 хуулиас УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчилсөн. Одоо 40 гаруй хуульд өөрчлөлт оруулна. Эндээс хаврын чуулганы гол хуулиуд хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа байгалийн баялгийг Монголын ард түмэнд хүртээдэг байх, байгалийн баялаг нийтийн өмч байх зохицуулалтыг хийнэ. Байгалийн баялгийг иргэддээ хуваарилах, ирээдүй хойчдоо өвлөгдөж үлдээх, тодорхой хэмжээнд өсгөж, үржүүлж,  арвижуулах асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зохицуулна. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот болон 21 аймгийг хот болгох асуудлыг Үндсэн хуулиараа нээж өгсөн байгаа. Энэ хууль батлагдах ёстой. Түүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын төрийн бодлого тогтвортой байх урт хугацааны бодлоготой уялдаж байх асуудлыг хуульчилж өгч, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль баталсан. Энэ хүрээнд Монгол Улсыг 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг батална. Төлөвлөгөөн дээр суурилсан төсвийг батлах юм. Урьд нь төлөвлөгөө ярьдаггүй, төсөв баталдаг байсан. Тиймээс төрийн бодлогоо тодорхойлоод, хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд төсөв батална. Энэ хаврын чуулганаар сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа төлөвлөгөө баталж байна. 

 

-Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу?

 

-Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуульд зааснаас гадуур бүрэн эрхээ нэмж хуульчилж эрх олж авдаг байсан. Үүнийг таслан зогсоож, хаасан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр. Тиймээс үүнд нийцүүлж Ерөнхийлөгчийн хуулийг батлах ёстой. Энэ ажлуудыг эхлүүлсэн байгаа. Тухайлбал, АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгч санал болгодог хуулийг цэгцэлсэн. Шүүгч нарыг томилоход оролцдог оролцоог цэгцэлсэн.  Үүнтэй адил Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөх шаардлага байгаа. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Хуцдаг муууууу хүүүрүүүүд вэ.
2021-04-12
Зөв шүү:
Монгол Улсын төр 78 толгойтой. Үүний хамгийн том толгой нь Ерөнхийлөгч. Гэтэл энэ толгой эв нэгдлийн бэлгэ тэмдэг биш эвдрэлцүүлж яс хаядаг бэлтрэг болчихоод байна. Ерөнхийлөгч одон өгдөг байхад л болоо. Өөр эрх мэдэл зохихгүй хонгил малтаад унана.
2021-04-12