Дөрөвдүгээр сарын 12: Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн өдөр
2021-04-12

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг Сансар судлалын өдөр болгон тэмдэглэдэг. Чухамхүү энэ өдөр, 1961 онд Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон бөгөөд өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 60 жилийн ой тохиож байна. 

 

Сансрын хөлгийг хөөргөхөөс хоёр жилийн өмнө ерөнхий зохион бүтээгч Сергей Королев сансрын нисэгчдийн анхны отрядад хүмүүсийг сонгон шалгаруулж авчээ. Шаардлагууд нь маш хатуу байв. Эрүүл чийрэг, 30 хүртэлх насны, 72 хүртэлх кг жинтэй, өндөр нь 170 сантиметр хүртэл байх ёстой. Ингээд эрүүл чийрэг олон залуусын дундаас Гагариныг сонгон, түүний нэр сансар судлалын түүхэнд үүрд мөнхлөгдсөн юм.

 



Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын  12-ны өдөр "Восток-1" сансрын хөлгөөр хөөрч, 108 минутын туршид дэлхийг тойрсон юм. Ингээд дэлхийдээ эргэн ирж, Саратов мужид газардсан байна. Анхны сансрын нисэгч Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол хүртсэн юм. 

Гагарин газардсаны дараа

1961 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Юрий Гагарин "энх тайвны зорилт"-тойгоор гадаад орнуудад айлчилж эхлэв. Нийтдээ гурван жилийн хугацаанд дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин Чехословак, Болгар, Финлянд, Их Британи, Польш, Куб, Бразил, Канад, Унгар, Энэтхэг, Австри, Япон, Франц, Герман зэрэг дэлхийн 30 орчим улсад айлчилжээ. 

Гадаад орнуудад хийх анхны айлчлалаа Гагарин Чехословакаас эхэлсэн байна. Тэрбээр 1961 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чехийн нийслэл Прага хотод очсон бөгөөд сансрын нисэгчийг нисэх буудлаас хотын төв рүү хүрэх замд олон мянган хүн угтан баяр хүргэж байжээ. 

 

Гагарин түүхэн нислэгийнхээ дараа Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд үргэлжлүүлэн ажиллаж байв. 1961 оны тавдугаар сараас эхлэн сансрын нисэгчдийн отрядын командлагч, ахлах зааварлагч-сансрын нисэгчээр ажиллаж байгаад Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн нислэг-сансрын бэлтгэл хариуцсан орлогч дарга болжээ.

Тухайн үеийн ЗХУ-ын хэвлэлүүдээр "Зөвлөлтийн хүн сансарт нислээ" гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч байсан бол барууны орнуудын хэвлэлээр "Сансрын хөөцөлдөөнд зөвлөлтүүд түрүүллээ" гэх зэргээр мэдээлж байжээ. 

 

Дэлхийн анхны сансрын нисэгч Гагарин 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын баатар, нисэгч Владимир Серегиний хамт МиГ-15УТИ сургалтын сөнөөгчөөр нислэг үйлдэх үедээ амиа алдсан юм. Энэ сүйрлийн шалтгаан болон нөхцөл байдал өнөөг хүртэл бүрэн тодорхой болоогүй байна.

Серегин, Гагарин нарын оршуулга 

 

1962 онд ЗХУ-д шинэ баяр бий болгох тухай Засгийн газрын зарлиг батлагджээ. Ингэснээр Сансар судлалын өдөртэй болсон бол зургаан жилийн дараа энэ баяр олон улсын чанартай болж, Сансар судлал, нисэхийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. 2011 оны дөрөвдүгээр сарын наймны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганаар Сансарт хүн ниссэний олон улсын өдөр гэх өөр нэг нэртэй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин