Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

img

Эрчим хүчний төдийгүй коксжих нүүрсний үнийн хувьд дотоодын болон гадаадын нийлүүлэлтийн өртөг өсч байгаа тул Хятад улс Австралиас нүүрс импортлоход албан бус хориг тавьсныхаа төлөө ихээхэн өндөр төлөөс төлж байна гэж Ройтерс мэдээлжээ. 

 

Дэлхийн нүүрсний томоохон импортлогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч болох Хятад улс хоёр орны улс төрийн маргааны улмаас цахилгаан эрчим хүч болон ганх үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болох Австралиас нүүрс авахаа зогсоосон юм. 2020 оны хоёрдугаар хагасаас эхлэн Австралиас ирэх импортыг хязгаарласан бөгөөд энэ оны эхний хоёр сард Хятад улс Австралиас авах нүүрсээ тэг хүртэл бууруулжээ. 

 

Гэсэн ч энэ алхам нь Хятадын импортын нүүрс хэрэглэгчдээс гарах зардлуудыг нэмэгдүүлсэн бөгөөд эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийн үнэ албан бус хоригийг даган өсч эхэлсэн байна. Хориг тавьсны дараа бирж дээр Австралийн нүүрсний үнэ буурсан бол АНУ-ын нүүрс ихээр нэмэгдсэн байна. Аргус агентлагийн мэдээлснээр, Америкийн нүүрс өнгөрсөн 10 дугаар сард 114 доллар байснаа өнгөрсөн долоо хоногт 152.75 доллар болтлоо, өөрөөр хэлбэл 34 хувиар өсчээ. 

 

Ингэснээр АНУ болон Хятад хооронд асар их зайтай гэдгээс үүдэх тээврийн өндөр зардлыг тооцоолгүйгээр харахад л өнөөдрийн байдлаар Америкийн коксжих нүүрс тонн тутам нь Австралийн нийлүүлдэг нүүрснээс 39 доллараар үнэтэй борлуулагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ Австралиас ирэх нүүрсийг хязгаарласны дараа Хятадын дотоодын зах зээл дээр ч коксжих нүүрсний үнэ нэмэгдсэн байна.  

 

Албан ёсны мэдээллээр, Австралиас нүүрс авахаа Хятад хязгаарласны дараа  Монгол Улс 2021 оны эхний хоёр сард импортын 61.7 хувийг хангаж, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болсон байна. Монгол Улс өмнөх оны мөн үед 17.7 хувийн импортыг хангаж байсан бол Австралиас импортыг хориглосны дараа ийнхүү коксжих нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлт нь эрс өссөн байна.

 

Харин импортод эзлэх Австралийн хувь 2020 оны нэгээс хоёрдугаар сард 68.4 хувь байсан бол өдгөө энэ үзүүлэлт тэг хувь хүртэл буурч, харин импортод 2 хувийг эзлэдэг байсан АНУ энэ үзүүлэлтээ 9.1 хувь болгон өсгөжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хятад улс Австралийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэлтэй цоорхойг нөхөхөөр дэлхийн эрчим хүчний нүүрсний томоохон нийлүүлэгч болох Индонезид хандсан гэнэ. Түүнчлэн, Австралийн нүүрстэй ижил чанар амласан Орос, Өмнөд Африкаас нүүрс авчээ. Гэсэн ч эдгээр орнуудаас авах нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн нь дотоодын үнэ буурахад нөлөөлөөгүй, ингэснээр Хятадын хэрэглэгчид Австралийн нүүрсийг хориглохоос өмнө төлж байснаасаа илүү өндөр үнийг түлшиндээ төлж байна хэмээн шинжээчид онцолсон байна.

Гангийн үйлдвэрлэлийнхэн хүндрэлтэй тулгарч байна

Ийнхүү Австралийн нүүрсэд албан бус хориг тавьснаас улбаатай өөр нэг асуудал нь гангийн үйлдвэрүүд хэрэгцээгээ хангах асар том зорилттой нүүр тулсан хэвээр байгаа гэнэ.

 

Өнөөдөр Монгол Улс БНХАУ руу нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралитай дөхөх цорын ганц улсад тооцогдож байгаа аж. Гэсэн ч коронавирусийн халдварын тархалтыг хянах үүднээс Хятад улс хилээр ачааны машинуудыг нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьсан нь нүүрс нийлүүлэлтэд ихээхэн нөлөөлж байгаа гэж Аргус агентлаг мэдээлжээ. 

Хятад руу нүүрс нийлүүлэлтээрээ хоёр болон гуравдугаарт жагсаж буй Орос, Канад улс экспортоо ихээхэн нэмэгдүүлсэн ч 2020 оны сүүлээр өвлийн хатуу уур амьсгалын нөхцөл болон тээвэрлэлтийн асуудалтай тулгарсан байна.

 

Улмаар Австралийн коксжих нүүрсийг ихээр ашигладаг Хятадын гангийн үйлдвэрүүд, тэр дундаа өмнөд зүгийн үйлдвэрүүд 2018 оноос эхлэн Бээжин импортоо багасгаж эхлэх үед Австралийн нүүрснээс хамааралтай байдлаа багасгаж байсан гэнэ. Гэсэн ч одоо ч энэ үйлдвэрүүд коксжих нүүрсний хэрэгцээгээ бүрэн шийдэж чадахгүй байгаа талаар Аргус мэдээлжээ.

 

Хятад, Австралийн сөргөлдөөний шалтгаан 

Хоёр орны сөргөлдөөн 2018 оноос эхлэлтэй. 2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг  оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүссэн бөгөөд энэ жил Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалснаар харилцаа улам хурцадсан юм.

 

Ингээд өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экспортыг хориглосон. Мөн Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр олон сар зогсоосон юм. Нүүрс авахыг хориглосон энэхүү албан бус хориг цаашлаад Австралийн бусад бараа бүтээгдэхүүнд ч хамаарах болсон бөгөөд улмаар Австрали улс хоёр орны худалдааны харилцааны асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад өнгөрсөн оны 12 дугаар сард хандсан. Дэлхийн худалдааны байгууллагаар асуудал шийдэгдэхэд ихээхэн цаг хугацаа орж мэдэх ч зөрчилдөөнийг шийдвэрлэхэд ийм алхам хийхээс аргагүй гэж Австралийн сайд Бирмингем мэдэгдэж байв.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлхий нийтээрээ нүүрс газрын тосноос татгалзаж байгаль эхээ дэлхийн дулаарлаас хамгаалья
2021-04-13
манай нүүрс австрали нүүрс чанарын ялгаа байдаг болуу
2021-04-13