Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

Украин, Донбасс дахь нөхцөл байдлын улмаас Орос, АНУ цэргүүдээ хил дагуу татан байрлуулж, байдал эгзэгтэй байгаа энэ үед ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд утсаар ярьжээ. Үүний дүнд стратегийн тогтвортой байдлын хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
"Тэд Стратегийн довтолгооны гэрээг сунгах үндсэн дээр аюулгүй байдлын үүссэн аюул занал болон зэвсэглэлд тавих хяналтын асуудлаарх стратегийн тогтвортой байдлын хэлэлцээр явуулах эрмэлзэл зэрэг бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцсэн" хэмээн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн утсаар ярих үеэрээ Жо Байден Крым болон Украинтай залгаа хил дээр ОХУ "гэнэт" цэргийн тоогоо нэмсэнд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
"Ерөнхийлөгч Байден Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ эргэлт буцалтгүй дэмжинэ гэдгийг онцлоод эзлэн авсан Крым болон Украины хил дээр Оросын цэргийн хүчийг гэнэт нэмэгдүүлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Цагаан ордны мэдээлэлд онцолсон байна.
Дээд хэмжээний уулзалт болно
Утсаар ярих үеэр АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Америкийн төрийн байгууллагууд руу цахим халдлага хийсэн зэрэг асуудлуудыг ч хөндсөн байна.
"Цахим халдлага, сонгуульд хөндлөнгөөс оролцсон зэрэг Оросын үйлдлүүдийн хариуд АНУ үндэсний ашиг сонирхлоо хамгаалах шийдэмгий алхам хийнэ гэдгээ Ерөнхийлөгч Байден тодорхой ойлгуулсан" хэмээн Цагаан ордны мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхийн тулд ойрын саруудад уулзах саналыг Байден Путинд тавьсан байна. Дээд хэмжээний уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулахыг Жо Байден санал болгожээ.
"Ерөнхийлөгч Байден АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн Оростой тогтвортой харилцаа үүсгэх зорилгоо батлаад, АНУ, Оросын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэхийн тулд ойрын саруудад гуравдагч орны нутаг дэвсгэр дээр дээд хэмжээний уулзалт зохион айгуулахыг санал болгосон" хэмээн Цагаан ордны мэдэгдэлд онцолсон байна.
Кремль Байдены энэ саналыг баталсан ч Путин ямар байр суурьтай байгаа талаар мэдэгдэл хийсэнгүй.
Ийнхүү АНУ, Оросын Ерөнххийлөгчид утсаар ярьсан нь Байден Путиныг "алуурчин" гэж нэрлэснээс хойших анхны яриа юм. Үүний дараа Путин Байденыг шууд эфирээр мэтгэлцэхийг урихад Цагаан ордны тэргүүн татгалзаж байлаа. Харин Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй өөрт нь тааламжтай хэдийд ч ярилцахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ