БНАСАУ Ким Ир Сений төрсөн өдрийг өргөн тэмдэглэж байна
Өнөөдөр БНАСАУ-д тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдөр буюу Нарны өдөр хэмээх улсын баярыг тэмдэглэж байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас ёслолын арга хэмжээнүүдийг цомхон байдлаар зохион байгуулж байсан бол энэ жил "коронавирусээс өмнөх үеийн" адилаар өргөн цар хүрээтэй тэмдэглэж байгаа нь БНАСАУ-д халдвар нэвтрээгүй гэдгээ харуулах зорилготой талаар RG мэдээлжээ.
Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнүүд энэ өдрийг тэмдэглэдэг дөрөвдүгээр сарын 15-наас хэд хоногийн өмнө эхэлжээ. Хойд Солонгосын албан ёсны хэвлэлүүдийн мэдээлснээр олон тоглолт, спортын тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулж, эдгээр арга хэмжээнүүдийн үеэр БНАСАУ-ыг үндэслэгчийн амьдралын зам, ололт амжилтын талаар ярьсан байна.
Түүнчлэн үйлдвэрүүд дээр баярт зориулсан ёслолын хурал цуглаан олноор болж байгаа гэнэ. "Нодон синмун" сонины мэдээлснээр гудамж бүрт Нарны өдрийг тэмдэглэж, Хойд Солонгос бүхэлдээ баярын уур амьсгалтай байгаа аж. Арга хэмжээнүүдэд асар олон хүн оролцож байгаагаас харахад Хойд Солонгос коронавирусийн халдваргүй орон гэж эрх баригчид нь харуулахыг хичээж байна гэж олон улсын шинжээчид үзжээ.
Өнгөрсөн онд тус улсад цар тахлын улмаас олон арга хэмжээг цуцалж байсан ч хилээ хааснаар халдвар нэвтрэхээс сэргийлж, одоо төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон эгж Пхеньян удаа дараа мэдэгдэж байв.
Өмнө нь Пхеньян дахь ОХУ-ын элчин сайд Александр Мацегора ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Хойд Солонгос сүүлийн үед зорчих хөдөлгөөн, олныг хамарсан арга хэмжээнд тавьсан хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн талаар онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ