АНУ Оросын дипломатуудыг хөөж, ОХУ хариугаа амсахыг нь анхааруулав
2021-04-16

Хэдэн өдрийн өмнөөс л АНУ Оросын эсрэг хориг тавьж, дипломатуудыг нь хөөхөөр хэлэлцэж байгаа гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж, Оросын эсрэг шинэ хориг тавихаар болсон талаараа АНУ-ын эрх баригчид зарласан байна. Зохих тушаалд Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ. 

 

"Өнөөдөр Байдены захиргаа Оросын засгийн газар, тусгай албад нь АНУ-ын тусгаар тогтнол, ашиг сонирхлын эсрэг чиглэгдсэн үйлдэл хийснийх нь төлөө хориг арга хэмжээ авах алхам хийж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ингэснээр Жо Байдены захиргаа Москвагийн эсрэг анх удаа хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь энэ юм.  Мөн Жо Байден Владимир Путинтэй биечлэн уулзах санал тавьснаас ердөө хоёрхон хоногийн дараа ийм үйл явдал болсон нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. 

Хориг тавих шалтгаан 

АНУ Оросыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийсэн хэмээн удаа дараа буруутгаж байгаа бөгөөд үүний хариуд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа талаарх мэдээллийг Блүмберг дөрөвдүгээр сарын наймны өдөр дамжуулж байв. Жо Байдены захиргаа сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийснийх нь хариу болгон Оросын дипломатуудыг хөөн гаргаж, шинээр хориг тавих талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэнийг Америкийн хэвлэлүүд мэдээлж байлаа.

 

Цагаан ордон Америкийн Solar Winds компанийн боловсруулсан программ хангамжийг ашиглан Орос улс засгийн газрын байгууллагууд руу хакерын халдлага хийсэн байж болзошгүй мэдээллүүдийг судалж дуусан, Оросыг хакерын довтолгоо хийсэн гэж АНУ үзсэн. Харин ОХУ үүнийг удаа дараа няцааж байв.  

 

Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ

  • АНУ Оросын дипломатуудыг гаргахаар шийдэв. Ингэснээр Вашингтонд Оросын Элчин сайдын яаманд ажиллаж буй 10 дипломат АНУ-ыг орхин гарах ёстой. Тэдний дунд "Оросын тагнуулын албадын төлөөлөгчид байгаа" гэж АНУ үзэж байгаа аж. 
  • АНУ Оросын Төв банк, Үндэсний баялгийн сан эсвэл ОХУ-ын Сангийн яамнаас 2021 оны зургадугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд худалдан авахыг Америкийн компаниудад хориглов.
  • АНУ-ын Сангийн яам тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцсонтой холбоотой гэгдэх 16 байгууллага, 16 хувь хүний эсрэг хориг тавилаа.
  • Крымтэй холбоотой найман хуулийн этгээд болон хувь хүний эсрэг хориг тавив.

 

Москвагийн хариу

Ийнхүү Вашингтон Оросыг Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, төрийн байгууллагууд руу нь хакерын халдлага хийсэн хэмээн буруутгаж, хориг тавьсны хариуд Москва шийдэмгий хариу өгнө гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч  Мария Захарова мэдэгджээ. 

 

"Энэ төрлийн түрэмгий үйлдэлд шийдэмгий хариу өгнө, хориг арга хэмжээнд хариу өгөх нь гарцаагүй" хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн "Хоёр талын харилцааг дордуулсныхаа төлөөсийг төлөх л болно гэдгийг Вашингтон ухамсарлах ёстой. Болж буй үйл явдлын хариуцлагыг гагцхүү АНУ үүрнэ" хэмээн Захарова цохон тэмдэглэсэн байна.

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ "харилцан адил зарчмаар, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна" хэмээн онцолжээ. 

 

"Бид аливаа хориг арга хэмжээнүүдийг хууль бус гэж үзэж байна. Өөрсдийн ашиг сонирхлыг сайтар хангахын тулд ижил тэгш нөхцлөөр энэ үйлдэлд хариу өгнө" хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bat:
оролдож болдоггүй улс хүн гэж байдаг.оросоор оролдоод сайнаа үзсэн улс хүн байхгуй наполеон гитлер гүрж
2022-03-20
Хориг тавих тусам Орос орон хүчирхэгжинэ гэдгийг америкууд ойлгохгүй баына даа
2021-04-16