COVID-19: Британид шинэ, аюултай штамм илэрчээ
2021-04-17 09:00

Их Британид давхар мутацид орсон, коронавирусийн аюултай штаммыг илрүүлжээ. Энэ талаар Скай ньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, анхлан Энэтхэгт илэрсэн энэ штаммын халдвар авсан 77 тохиолдол бүртгэгджээ.Тэдгээрийн 73 нь Англид, үлдсэн дөрөв нь Шотландад бүртгэгдсэн байна. Энэ шинэ давхар мутацитай штаммын зэрэгцээ Өмнөд Африкийн штамм Британид тархаж, одоогийн байдлаар 600 гаруй хүн халдвар авчээ. 

 

Энэтхэгт давхар мутацид орсон коронавирусийн шинэ штамм илэрсэн талаарх мэдээлэл анх гуравдугаар сарын 24-ний өдөр гарч байлаа. Одоогоор Энэтхэгийн зарим мужид өвчлөлийн тоо хурдацтай өсч байгаа нь мутаци илэрсэнтэй холбоотой эсэхийг тогтооход шаардлагатай хэмжээний мэдээлэл тус улсын эрх баригчдад хараахан байхгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

"Вирусийн давхар мутаци" гэдэг нь цочирдмоор сонсогдож байгаа ч үүнд гайхах зүйл үгүй гэж Энэтхэгийн эрдэмтэд өгүүлж байлаа. Вирус байнга мутацид орж байдаг, харин вирусийн мутаци дахин мутацид орсноор вирус илүү халдвартай болох эсэх, үүгээр үүсгэгдсэн өвчин хүндрэх эсэх, өнөөгийн вакцинууд ийм мутацийн эсрэг үйлчлэх эсэх зэрэг асуултад хариулт авах нь нэн чухал, эдгээрийг тодруулахаар ажиллаж байна гэж Энэтхэгийн эрдэмтэд мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин