COVID-19: Берлинд амиа алдагсдыг хүндэтгэж, Израильд сурагчид хичээлдээ оров
2021-04-19

Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвартай улс орнууд тэмцэн, вакцинжуулалт хийж байгаа ч өвчлөлийн тоо төдийлөн буурахгүй хэвээр байна. Worldometer-ийн дөрөвдүгээр сарын 18-ны ням гарагийн мэдээллээр, дэлхий даяар 141 сая гаруй хүн халдвар авч, гурван сая гаруй хүн халдвараас үүдэлтэй өвчлөлийн улмаас нас баржээ. 

 

Вакцины дараа цусны бүлэгнэл үүссэн хоёр дахь тохиолдол Канадад бүртгэгдэв 

АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн хоёр дахь тохиолдол Канадад бүртгэгджээ. Канадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өвчтөн эмнэлгийн тусламж авсан, биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Өвчтөн Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцин тариулсны дараа биеийн байдал хүндэрсэн байна.

 

Цусны бүлэгнэл үүссэн эхний тохиолдлын талаар Канад улс өнгөрсөн мягмар гарагт мэдээлж байв. Нэгэн эмэгтэйд АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн байна. Хэдий ийм тохиолдол гарсан ч энэ төрлийн хүндрэл маш ховор гарч байгаа, харин вакцины ашиг тус болзошгүй эрсдэлээс давна гэж Канадын Эрүүл мэндийн яам мэдэгдэж байлаа. Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар, Канадын хүн амын 23 хувь АстраЗенека вакцины эхний тунг тариулжээ.

 

Берлинд дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болов

Коронавирусийн цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын арга хэмжээ ням гарагт Германы нийслэл Берлин хотноо боллоо. 

 

Вильгельмийн нэрэмжит дурсгалын сүмд мөргөл үйлдсэн бөгөөд энэ ёслолд ковидын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн төдийгүй Германы Ерөнхийлөгч  Франк-Вальтер Штайнмайер, бундестагийн дарга Вольфганг Шойбле, канцлер Ангела Меркель нар оролцжээ.

 

Энэ улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 19 185 тохиолдол шинээр бүртгэгдэж, 67 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш Германд халдварын тохиолдол  3 142 262 бүртгэгдэж, нас баралт 79 914 болжээ. Харин энэ хугацаанд 2.77 сая хүн эдгэрсэн байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Герман дахь 100 мянган хүн амд ноогдох шинэ тохиолдлын дундаж үзүүлэлт 162.3 болж нэмэгджээ.

 

 

Азийн улс орнуудын эдийн засаг өсч байна 

Азийн улс орнуудын эдийн засаг цар тахлын үр дагаврын дараа сэргэж эхэлж, 2021 онд тэдгээрийн ДНБ-ий өсөлтийн хэмнэл 6.5 хувиас давж мэдэх гэнэ. Энэ талаар Хятадын Боао хотод болсон Азийн эдийн засгийн форумын нээлтэн дээр тус форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, цар тахлын дараах эрин үеийн эерэг өөрчлөлт болон олон улсын эдийн засгийн хөгжлийн эерэг чиг хандлагыг дээрх үзүүлэлт илтгэж байгаа гэнэ. Боаосын форум дөрөвдүгээр сарын 18-21-ний хооронд болох юм.

 

Израильд амны хаалт зүүх шаардлагагүй болов 

Израильд гудамжинд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, коронавирусийн халдварын төвшин буурч байгаа тул ийм шийдвэр гаргасан бөгөөд гэхдээ битүү орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам урьдын адил үйлчлэх гэнэ. 

Дөрөвдүгээр сарын 18-ны ням гарагаас энэ журам үйлчилж эхэлсэн бөгөөд ахлах сургуудийн сурагчид сургуульдаа явах боломжтой болжээ. Хүүхдүүд долоо хоногт тодорхой тооны өдрүүдэд танхимын сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Гэвч хүүхдүүд вакцинд хамрагдаагүй тул тэдний дунд эрсдэл нэн өдөр, одоо халдвар авч буй хүмүүсийн 50 хувь нь хүүхдүүд байгаа аж. Израиль улс тавдугаар сараас 12-16 насны хүүхдүүдийг  вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин