ОХУ Крымд хөлөг онгоцуудыг олноор төвлөрүүлсний учир юу вэ?

Крымийг чиглэж буй Су-25 довтлогч онгоцууд
Олон улсад "түрэмгийлэн эзлэгдсэн" гэж үзддэг Крымийн бүс нутгууд руу Орос улс цэргүүдээ ихээр татах болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, Хар тэнгисийн флотын бүрэлдэхүүнд багтдаггүй хэд хэдэн хөлөг онгоц Крымд ирсэн бөгөөд хойгийн дорнод хэсэгт цэргийн хуаран бий болсон талаар ВВС мэдээлжээ.
Сүүлийн үед ихээр хүч татан хуримтлуулж байгаа Орос, Украины хил дээр хурцадмал байдал үүсч байгаа энэ үед цэргийн хүчийг татан төвлөрүүлж байгаа нь Барууны орнуудын санааг зовоож, АНУ, Европын Холбоо, НАТО хил дээр цэргийн хүч татан төвлөрүүлэхээ зогсоохыг Орост хандан уриалсан юм.
Хөлөг онгоцууд болон цэргийн албан хаагчдыг татан байршуулсан талаар Оросын Батлан хамгаалах яам ч албан ёсоор батлаж байгаа юм. Гэхдээ энэ нь төлөвлөгөөт сургуулилалтад бэлдэж буй үйл явц хэмээн мэдэгджээ.
Орос улс Крым болон Хар тэнгисийн зарим бүс нутгуудад дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нислэг хийхийг хязгаарласан бөгөөд үүнийгээ онгоцонд аюултай гэдгээр тайлбарласан талаарх мэдээлэл мягмар гарагт гарсан юм. Энд дуулгахад, цэргийн сургуулилалтын үеэр цэргийн алба хаагчид алдаа гарган иргэний нисэхийн онгоцыг буудахаас сэргийлэн ийм арга хэмжээ авдаг.
Энэхүү сургуулилалт нь Зөвлөлтөөс хойших үеийн түүхэн дэх хамгийн том сургуулилалт болно гэж шинжээчид үзэж байгаа аж. Харин Крымд цуглуулсан цэргийн хүчийг Украины эсрэг ашиглах нь юу л бол гэдэг дээр олон шинжээч санал нэгдэж байгаа юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, ОХУ энэ үйлдлээрээ Украинд улс төрийн дохио өгөхийг хүсэж байгааг үгүйсгэх аргагүй аж.
Эргэн сануулахад, Крымийн хойг 2015 оны хавар Оросын харьяанд орсон. Хэдийгээр олон нийтийн санал асуулгаар Орост нэгдэхийг оршин суугчид нь дэмжсэн дүн гарсан ч Барууны орныхон үүнийг "эзлэн түрэмгийлсэн" гэж үзэн, Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, Украин алдсан нутгаа эргүүлэн авах талаар байнга мэдэгдэл хийдэг юм.
Хар тэнгис рүү нэмэлт хөлөг онгоцуудыг татаж байна
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, хэдэн долоо хоногийн туршид Украинтай залгаа хилийн орчмын Оросын нутаг дэвсгэр дээр болон Крым рүү төрөл бүрийн армийн нэгтгэлүүд төвлөрч байгаа гэнэ. Тэр дундаа Хар тэнгис рүү Оросын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд илүү идэвхтэй чиглэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт томоохон хөлөг онгоцны бүлэг тэнд цугларчээ.
Балтийн флотын десантын хөлөг онгоц "Калининград"
Тухайлбал, Хар тэнгисийн флотын бүрэлдэхүүн рүү бусад флотуудаас ч хөлөг онгоцуудыг шилжүүлсэн талаар ВВС мэдээлсэн байна. Тэдгээрийн дунд тэнгисийн десант буулгах хөлгүүд ч багтжээ.
Дөрөвдүгээр сарын 17-ны Каспийн флотын хөлөг онгоцны отряд Хар тэнгист гарч, Хар тэнгисийн флотын командлалын удирдлагад шилжсэн байна. Хөлөг онгоцнууд гол болон Волга Донын сувгаар 100 километр замыг туулжээ. Отрядын бүрэлдэхүүнд артиллерийн гурав, десантын найман катер, мөн хангамжийн хөлөг онгоц багтсан байна.
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Босфороор дамжин Хар тэнгрис рүү "Калининград" болон "Королев" гэсэн хоёр том десантын хөлөг онгоц нэвтэрчээ. Тэд Балтийн флотын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд тэдгээрийг ирэхээс өмнө Оросын Хойд флотын "Александр Отраковский" болон "Кондопога" гэх хоёр том десантын хөлөг онгоц Хар тэнгис рүү орсон байна.
Харин, дөрөвдүгээр сарын 14-ний өдөр мөн л десантын том хөлөг онгоцууд багтсан онгоцны томоохон отряд Хар тэнгисийн флотын баазаасаа хөдөлсөн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ хичнээн хөлөг онгоц гарсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна.
Крымийн дорнод хэсэгт цэргийн хуаран байгуулжээ
Крымийн хойгийн дорнод хэсэгт армийн томоохон хуаран үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт Германы Spiegel мэдээлж байв. Эх сурвалж хиймэл дагуулын зураг дээр үндэслэн мэдээллээ гаргасан бөгөөд энэ мэдээллээс үзэхэд хойгийн баруун хэсэг дэх Марфовка суурин газраас 30 км орчим зайд хуаран байрлажээ.
Оросын Өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мэдээлэл хийхдээ 58 дугаар армийн ангиуд Крымд сургуулилалт хийсэн хэмээн онцолсон бөгөөд Агаарын цэргийн хүчин, Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний 4 дүгээр арми, Хар тэнгисийн флот, Каспийн флотын хүчтэй хамтарсан хэмээсэн юм. Мөн энэ нь төлөвлөгөөт сургуулилалт, энэ сургуулилалтын үеэр Өмнөд цэргийн тойргийн цэргийн хүчний өвлийнх сургалтын үр дүнг шалгаж байгаа хэмээж байв.
Барууны хариу үйлдэл
Украинтай залгаа хил рүү Орос цэргээ татаж байгаатай холбоотойгоор АНУ болон Европын орнууд санаа зовниж байгаагаа дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдэж байлаа. Гэхдээ Орос улс хил рүү цэргээ татаж байгаа талаарх мэдээлэл гуравдугаар сарын сүүлээр олон нийтийн сүлжээгээр гарах болсон юм.
Гуравдугаар сарын 30-ны өдөр New York Times Украины дорнод хил дээр нөхцөл байдал эрс хурцадсан талаарх нийтлэл гарагж байсан бол дөрөвдүгээр сарын наймны өдөр Conflict Intelligence Team (CIT) Оросын цэргүүд Воронежоос өмнө зүгт хээрийн хууранд төвлөрч, хоёр төмөр замын станцаар техникээ зөөж байгаа талаарх эрэн сурвалжлах нийтлэл гаргаж байв.
Үүний дараа, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Оросын Зэвсэгт хүчин хоёр арми, гурван нэгтгэлийг баруун тийш гурван долоо хоногийн дотор татлаа" хэмээн мэдэгдэж, энэ сургуулилалт хоёр долоо хоногийн дотор дуусна хэмээж мэдэгдэж байсан юм.
Баруунд ийнхүү Оросын цэргүүдийн хөдөлгөөн гарч байгаад ихээхэн санаа зовниж байгаа ч Америк, Британийн цэргийнхний хариу үйлдэл ихээхэн ялгаатай байлаа. АНУ Орос, Украины хооронд байдлыг хурцдуулахгүйн тулд Хар тэнгис рүү хоёр хөлөг онгоцоо гарган гэж төлөвлөж байсан ч өнгөрсөн долоо хоногт энэ төлөвлөгөөнөөсөө татгалзсан юм. Харин Британи "Хатан хаан Элизабет" тэргүүтэй агаарын цохилтын бүлэглэлээс бүрдэх хөлөг онгоцуудыг Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэн Хар тэнгис рүү тавдугаар сард илгээхээр болсон талаарх мэдээлэл ням гарагт гарч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ