АНУ: Орос бол түрэмгийлэгч

Орос, Украины хил дээрх нөхцөл байдалд ОХУ-ыг АНУ "түрэмгийлэгч" гэж харж байгаа бөгөөд Киевийн зүгээс хурцадмал байдлыг өдөөн хатгасан алхам хийсэн гэх ямар ч шинж тэмдэг олж харахгүй байгаа талаараа АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.
"Тодорхой ярихыг минь зөвшөөрнө үү. Энэ нөхцөлд Орос улс түрэмгийлэгч болж байна. Украин өдөөн хатгалга хийсэн эсвэл хурцадмал байдлыг өдөөж байгаа гэх ямар ч шинж тэмдгийг бид харсангй. Үнэндээ Кремлийн үйлдсэн үйлдэлд Украиныг гүтгэх зорилготой Оросын хуурамч мэдээллийн кампанит ажлыг л бид харлаа" Нед Прайс мэдэгджээ.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын сүүлээр Донбасст зэвсэгт сөргөлдөөн хурцдаж, тус бүс нутагт өдөр бүр буудалцаан болж, талууд хурцадмал байдал үүссэнд харилцан нэгнээ буруутгасаар байгаа юм. Улмаар гуравдугаар сарын сүүлээс эхлэн ОХУ Украины хилийн орчимд цэргийн хүчээ зузаатгаж, цэргийн хуаран байгуулж байгаа нь олон улсын анхаарлыг татсаар байна. ОХУ үүнийгээ цэргийн сургуулилалт хэмээн тайлбарлаж, 14 хоногийн дотор дуусна хэмээн мэдэгдсэн ч өнөө хэр Крымийн нутаг дэвсгэрт их хэмжээний цэрэг, зэр зэвсэг байршсан хэвээр байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ