Швейцарт робот бармен бүтээжээ
2021-04-22


Швейцарын F&P Robotics  компани "Барни" робот бармен бүтээжээ. Энэ бармен 130 мянга гаруй долларын өртөгтэй гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Робот зочдод шар айраг, дарс санал болгохын зэрэгцээ 16 нэр төрлийн согтууруулах ундаа, найман нэр төрлийн хийжүүлсэн ундааг хольж, механик гараа ариутгах чадвартай гэнэ. Түүнд захиалга өгөхийн тулд үйлчлүүлэгчид ухаалаг утсаа ашиглах шаардлагатай болно. Харин захиалсан ундаа бэлэн болсон талаар барны тавцан дээрх том дэлгэцэн дээр мэдээлэх аж. 

 

Робот бармен бүтээсэн компани робот баристаг мөн бүтээсэн талаар Ройтерс мэдэдэлсэн байна. Робот бариста нь төрөл бүрийн кофе бэлтгэх чадвартай бөгөөд "Барни" загварын энэ хоёр робот нь хоёулаа хэл яриаг хүлээн авч, зочидтой "ярилцах" чадвартай гэнэ.

 

Компанийн мэдээлснээр ийм бармены эрэлт ихээхэн өсч байгаа аж. "Хэдэн жилийн дараа энэ салбар ямар байхыг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ робот техник тодорхой үүрэг оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн F&P Robotics компанийн борлуулалтын хэлтсийн тэргүүн Гери Коломбо өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин