COVID-19: Эмнэлгийн оргүй, шарил ч чандарлаж амжихгүй болсон Энэтхэг
2021-04-26

Дэлхий даяар коронавирусийн цар тахал тархаж байгаа ч сүүлийн өдрүүдэд Энэтхэг рүү дэлхий нийт илүүтэй анхаарал хандуулах болов Учир нь энэ улсад нэн хүнд нөхцөл байдал үүсжээ. Дөрөвдүгээр сарын 25-ны ням гарагт Энэтхэгт хоногт 350 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол хоногт 2767 хүн нас барсан байна. Ийм өндөр дүн тус улсад сүүлийн өдрүүдэд байнга бүртгэгдэж байгаа юм. 

 

Энэтхэгийн эмнэлгүүд хэдийнэ ачааллаа дийлэхээ больж, шинээр өвчтөн хүлээн авах ямар ч боломжгүй болсон тул халдвар нь хүндэрсэн хүмүүс олон цагаар эмнэлгийн тусламж авч чадалгүй, ар гэрийнхнийхээ гар дээр нас барж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

 

Дели хотын нэгэн эмнэлгийн эмч ВВС агентлагт ярьснаар, зарим хүмүүс өөрсдөө хүчилтөрөгчийн баллонтой ирж байгаа ч баллон ашиглахад зориулсан бүхий л байр дүүрсэн тул хүчилтөрөгчөө ашиглах ямар ч боломжгүй байгаа гэнэ. Харин эмнэлгүүдэд хүчилтөрөгч нэн хомсдолтой байгаа аж. Аль болох олон хүнд эмчилгээгээ хүргэхийн тулд эмч нар бүрэн эмчлэгдэж дуусаагүй өвчтөнүүдээ эдгэрэх эхний шинж тэмдэг гармагц эмнэлгээс гаргаж байгаа гэнэ.

Коронавирусийн халдварын тохиолдлоор Энэтхэг улс АНУ-ын дараа, хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад 17 сая гаруй энэ аюулт өвчний халдвар тусжээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад хоногт бүртгэгдсэн халдварын тоо 330 мянга давсан юм. Дэлхийн өөр ямар ч улсад ийм үзүүлэлт одоогоор бүртгэгдээгүй байна. 

Энэ зураг дээр коронавирусийн халдвартай өвчтөнүүд Нью-Делигийн эмнэлэгт хэвтэх ээлжээ хүлээн суугаа аж. Энэтхэгийн ихэнх эмнэлгүүд хэдийнэ дүүрсэн байна.

"Бидэнд ор, хүчилтөрөгч, эм нэн дутагдаж байгаа. Бид зарим өвчтөнг хүлээн авахаас татгалзахаас өөр арга алга. Өнөөдөр болж буй бүхэн зүгээр л сүйрэл" хэмээн Энэтхэгийн эмч Шухин Байай DW агентлагт ярьжээ. 

Энэтхэг даяар өвчтөнүүдийн ар гэрийнхэн ойр дотныхныгоо хүчилтөрөгчөөр хангахын тулд хоосон баллон барин цэнэглэгч станцууд дээр дугаарлах болжээ. Хар зах дээр хүчилтөрөгч асар өндөр үнээр зарагдаж байгаа гэнэ. Байдал ийм дээрээ тулсан тул үйлдвэрлэлдээ хүчилтөрөгч ашигладаг газрын тос боловсруулагч болон бусад үйлдвэрүүдийг зогсоох боломжийг Засгийн газар нь судалж байгаа аж. Ийнхүү үйлдвэрүүдийг зогсоосноор хүчилтөрөгчийг эмнэлгүүдэд нийлүүлэх юм байна. 

 


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Мумбай орчмын нэгэн эмнэлэгт гал түймэр гарчээ. Галын шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй. Энэ гал түймрийн улмаас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг бүрэн шатаж, коронавирусийн халдвартайгаар эмчлүүлж байсан 13 өвчтөн амиа алджээ. DW агентлагийн онцолсноор, Энэтхэгт тэр дундаа эмнэлгүүдэд нь гал түймэр гарах үзэгдэл түгээмэл байдаг гэнэ. Ихэвчлэн хуучирсан тоног төхөөрөмжөөс болж гал гардаг бөгөөд галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ сул, гал гарсан үед аврах гарц байдаг барилга гэж бараг байдаггүй аж. 

Цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгийн 192 мянга гаруй хүн амиа алджээ. Өдөр бүр амиа алдсан хүний тоо 2000-ыг давж байгаа аж. Индуизмийн зөвшөөрдөг оршуулгын цорын ганц төрөл нь чандарлах үйл юм. Гэтэл өдөрт л олон мянгаараа хүн нас барж байгаа тул чандарлах газруудын ачаалал хэмжээндээ тулсан байна. 


Энэтхэгт 1.3 тэрбум хүн амьдардаг, харин энэ хүн амын ердөө хоёрхон хувь нь вакцинд хамрагджээ. Тус улс дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчдийн нэгд тооцогддог ч нэн тэргүүнд дотоодын хэрэгцээгээ хангах тал дээр оройтож хөдөлсөн талаар шинжээчид онцолж байна. Ирэх сарын нэгнээс 18-аас дээш насны бүх хүнийг вакцинд хамруулахаар болжээ. 

Халдварын тархалт нэн хурдтай байгаагийн цорын ганц шалтгаан нь вакцинжуулалт биш гэдгийг шинжээчид онцолж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, улс орон даяар олныг хамарсан шашны, улс төрийн, спортын арга хэмжээ зохион байгуулагдсаар байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэнэ. Нийтээр мөргөл үйлдэх  Кумбха Мелед хэдэн сая сүсэгтэн оролцжээ. Ганга мөрөнд угаал үйлдэх үедээ тэдний хэн нь ч амны хаалт зүүгээгүй, зай бариагүй аж. 

Улс төрчид нь ч төдийлөн үлгэр дуурайл болохгүй байгаа талаар DW агентлаг мэдээлсэн байна. Энэс арын эхээр Баруун Бенгали мужид бүс нутгийн сонгууль болжээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Колкат хотод тэргүүлэгч улс төрчдийн оролцсон олныг хамарсан арга хэмжээнүүд олон болсон байна. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд Нарендра Моди ч оролцжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
manaid enethegii. elchin saidiin yamnaas tuslamj uzuulj waktsin handiwlasan bid ch bas ug ni tuslah heregtei de...
2021-04-26
Зочин:
ОЛОН ХҮН АМТАЙ БАЙХААР ИНГЭДЭГ ЮМ ДАА.
2021-04-26
ZOCHIN:
HET MUHAR SUSEGNIITIIG HAMARSAN YMAR CH HAMGAALALTGUI BAYRLAN TCENGEH N ENE UVCHINIIG ULAM L UGDUUJ BUR HARIN URJUULGIIN GAZAR N SHIG BOLJIINODOO.EH DELHII BUZARTASNIIHAA HARIUG HUN TURULHTUNUUS AVAAD CH BGAA YM SHIG ....DELHII HUN EE DAAHAA BOLJIINODOO.
2021-04-26