Оскар-2021: Энтони Хопкинс шилдэг жүжигчнээр тодров

Америкийн кино академийн "Шилдэг жүжигчин" нэр төрөлд алдарт жүжигчин Энтони Хопкинс Оскар гардан авлаа.
Тэрбээр "Эцэг" киногоороо "Шилдэг жүжигчин" нэр төрөлд ялагч болсон байна. Өдгөө 83 настай жүжигчний хувьд энэ удаагийн ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь зургаа дахь удаагаа Оскарт нэр дэвшсэн тохиолдол болсон бол Шилдэг жүжигчнээр тодорч, Оскар гардсанаар тэрбээр хоёр Оскартай болжээ. Өмнө нь тэрбээр "Хурга майлахаа болино" киногоор мөн л Шилдэг жүжигчнээр тодорч байсан юм.
Энтони Хопкинс "Эцэг" кинонд Лондонгийн асар том орон сууцанд охинтойгоо хамт амьдардаг өвгөний дүр бүтээжээ. Өвгөний ой ухаан муудахын хэрээр тэрбээр бодит байдлыг төсөөллөөсө ялгаж чадахаа больдог аж.
Энд дуулгахад, Энтони Хопкинс 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний хамгийн алдартай дүрүүдийн нэг нь "Хурга майлахаа болино", "Ганнибал", "Улаан луу" кинонуудын алуурчин Ганнибал Лектер юм. Түүнчлэн тэрбээр "Танилц, Жо Блэк", "Александр", "Хүн чоно", "Ной" зэрэг олон кинонд тоглож байв.
Энтони Хопкинс "Эмми"-ийн хоёр удаагийн шагналтай, түүнчлэн Британийн кино, телевизийн урлагийн академийн (BAFTA) шагналыг хоёронтоо хүртэж байв. 2006 онд тэрбээр кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө "Алтан бөмбөрцөг" гардаж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ