"Машинаа унахдаа л татвараа төл": ОХУ-д тээврийн татварыг цуцлах санал гаргав

Өнгөрсөн онд ОХУ-д тээврийн хэрэгслийн татварыг цуцлах санал гаргаж байсан. Энэ саналыг дахин Думаар хэлэлцүүлэхийг санал болгосон бөгөөд саналыг "Шударга Орос-Үнэний төлөө" намын дарга Сергей Миронов гаргасан байна. Тэрбээр хэдэн өдрийн өмнө зохих баримт бичгийг Төрийн Думаар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Энэ нам тээврийн хэрэгслийн татварыг цуцлах хуулийн төслийг удаа дараа өргөн барьсан ч тухай бүрт түтгэлзүүлж байсан юм.
Шударга бус татвар
Төрийн Думд өргөн барьсан баримт бичигт тээврийн хэрэгслийн татвар шударга бус, үр дүнгүй байгааг онцолж, чухамхүү үүндээр тулгуурлан татварыг цуцлах хүсэлт гаргасан байна.
"Хүн машинаа ашиглаж байгаа тохиолдолд л татвар шударга, бас үр дүнтэй байна. Автомашинаа ашиглаж байгаа үед бензин эсвэл дизель түлшийг онцгой татвар шингэсэн үнээр худалдан авч, төсөвт мөнгө оруулж байна. Ингээд л болоо. Тээврийн хэрэгслийн татвар болон түлшний татварыг төлж байна. Хүмүүс яагаад давхар татвар төлөх ёстой юм?" хэмээн тээврийн хэрэгслийн татварыг цуцлах санал гаргасан намын дарга Сергей Миронов өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, энэ санааг бусад гишүүд ч дэмжиж байгаа гэнэ. Мөн 2012 оны 11 дүгээр сард Оросын Ерөнхийлөгч Думын фракцуудын тэргүүнүүдтэй уулзах үеэрээ татвар цуцлах санааг дэмжиж байжээ. Түүнчлэн Тээврийн яам, Оросын Автомашин эзэмшигчдийн холбоо ч дэмжиж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө Оросын олон нийтийн санаачилгын сайт дээр тээврийн татварыг цуцлахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг ихээр цуглаж байжээ.
"Онцгой албан татвар тээврийн татварыг орлоно гэж төлөвлөж байсан ч дараа нь "Нэгдсэн Орос" намыг төлөөлөн Думд суугаа гишүүд энэ асуудлыг хааснаар өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн татварыг авсаар байна" хэмээн Миронов өгүүлжээ.
Түүнчлэн, цар тахлын улмаас хүмүүс тээврийн хэрэгслээ харьцангуй бага ашиглах болсон тул тээврийн хэрэгслийн татварыг цуцлах нь шударга арга хэмжээ болохын дээр ОХУ-ын оршин суугчдад ихээхэн дэмжлэг болно гэж Думын гишүүн үзэж байгаа аж.
Энд дуулгахад, Орост тээврийн хэрэгслийн татварыг хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч тогтоодог юм. Нэг морины хүчийг 2.5-15 рубль хүртэлх хэмжээгээр тооцон татвар ноогдуулдаг бөгөөд зарим бүс нутгууд дотооддоо зохицуулан татварыг нэмэх боломжтой байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ