Якутын хамгийн алдартай хотын дарга асан Төрийн Думд нэр дэвшинэ

Энэ оны эхээр Якутскийн захиргааны тэргүүний албан тушаалыг орхиж байсан Сардана Авксентьева ирэх есдүгээр сард болох Төрийн Думын сонгуульд "Шинэ хүмүүс" намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаараа тэрбээр Инстаграм хуудсандаа бичжээ.
"Шинэ хүмүүс" намын дарга Алексей Нечаев бүс нутгуудын хөгжлийн ажилд хамтран ажиллах санал тавьсан. Гурван сар бодож, тунгаалаа. Бүхнийг олон талаас нь бодож үзээд зөвшөөрсөн. Улс орондоо эерэг өөрчлөлт авчрахыг хүсэж байна. Түүнчлэн аливаа зүйлийг сайн хиймээр байгаа бол өөрөө хий гэдэг үгэнд итгэдэг учраас тэр" хэмээн Авксентьева бичжээ.
Энд дуулгахад, гурван жил орчим хотын даргаар ажиллаж байгаад 2021 оны нэгдүгээр сард тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Сардана Авксентьева 2018 онд Сахагийн нийслэлд болсон хотын даргын сонгуулиар тухайн үед нэг их танил болоогүй байсан ч ялалт байгуулж байв. Оросын эрх баригч "Нэгдсэн Орос нам"-ын нэр дэвшигчийг ялан гарч ирсэн нь Орос даяар ихээхэн анхаарал татаж байсан юм.
Түүнийг олон нийт болон хэвлэлийнхэн "ард түмний хотын дарга" хэмээн нэрлэдэг бөгөөд учир нь тэрбээр сонгогчдын санал бодлыг сонсохын дээр чухамхүү тэднийг өөрийнх нь ажил олгогч хэмээн нэрлэж байв. Авксентьеваг ажиллах үеэр хотын захиргаа илүү нээлттэй ажиллах болж, зам, орон сууц, байшин барилгын тохижилт зэрэг бодит асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна.
Хотын дарга болмогцоо тэрбээр урьд хожид сонсогдоогүй эрс шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Тухайлбал, сонгогдсоныхоо дараа л орон нутгийн захиргааны албан тушаалтнуудын өндөр өртөгтэй машинуудыг зарж, хотын өмчийг зүй зохистойгоор ашиглана хэмээн мэдэгдсэн. Ингээд хэд хоногийн дараа Японд үйлдвэрлэсэн өндөр үнэтэй машинуудыг зарж, оронд нь "УАЗ" машинуудыг ашиглах болжээ. Энэ шийдэмгий алхмын талаар Орос даяар шуугиж байв.
Мөн хотын захиргааны ажилтнууд зардал ихтэйгээр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй, харин сайн үйлс бүтээхийг уриалж байжээ. Хотын дарга бүх орлогчид хүүхдийн асрах газар, дотуур байр, ахмадын асрах газруудад шинэ жилийн баяр зохион байгуулах үүрэгтэй болсон гэнэ. Түүнчлэн тэрбээр чанаргүй зам тавьсан компанийнхны ажлыг хүлээн авахгүй, гэрээг цуцалж, мөнгийг нь олгохгүй хэмээн мэдэгдэж байсан нь мөн л олны анхаарлыг ихээр татаж байлаа.
Бусад салбарт ч шинэ хотын дарга эмэгтэй шийдэмгий алхмууд хийсээр байв. Тухайлбал алдартай загвар зохион бүтээгч Ирина Крутикова "Өвөл Якутаас эхэлдэг" наадамд өндөр төлбөр авч оролцдог байсныг болиулжээ. Өмнөх хотын захиргаа энэ загвар зохион бүтээгчид 800 мянган рубль буюу монгол мөнгөөр 28.2 сая төгрөг төлдөг байсан гэнэ. Харин Сардана Авксентьева энэ мөнгө хотын дунд сургуулиудад агаар цэвэршүүлэгч авахад шаардлагатай гэж үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ