Оросын коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулагчид хакерын довтолгоонд өртжээ
2021-04-28

Оросын Эрдэм шинжилгээний вирус судлал ба биотехнологийн томоохон төв болох "Вектор" коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин боловсруулах ид ажлын үеэр буюу 2020 онд цахим халдлагад удаа дараа өртжээ. Хакеруудын зорилго нь коронавирусээс сэргийлэх бэлдмэлийг бүтээх технологийг хулгайлах явдал байсан гэж Оросын Компьютерийн хэргийн үндэсний зохицуулах төвийн орлогч захирал Николай Мурашов мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, өнгөрсөн онд "Вектор" төвийн компьютерийн сүлжээнд халдах хакерын халдлагын тоо дөрөв дахин өссөн гэнэ. 

 

"Оросын коронавирусээс сэргийлэх вакцин үр дүнгүй гэж гадаадын хэвлэлээр бичиж байгаа ч энэ вакциныг боловсруулж байх үед боловсруулагчийн мэдээллийн эх үүсвэр рүү халдах цахим халдлага дөрөв дахин нэмэгдсэн" хэмээн Мурашов мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, цахим гэмт хэрэгтнүүд "Вектор" төвийн системд вирустэй программ хангамж суурилуулах гэж оролдож байсан гэнэ. Одоо ийм халдлага үргэлжилж байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Энд дуулгахад, "Вектор" төв "ЭпиВакКорона" нэртэй коронавирусээс сэргийлэх вакциныг 2020 оны 10 дугаар сард бүртгүүлсэн нь Оросын энэ төрлийн хоёр дахь вакцин болсон юм. "Вектор" төв сард хоёр сая орчим тун тариа үйлдвэрлэж байгаа бол зургадугаар сар гэхэд энэ тоог таван саяд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Sfosba
2021-04-28
ха ха ха жалкие отмазки
2021-04-28