ОХУ: Мир-19 эмийг өвчтөнүүд дээр туршиж эхэллээ
2021-04-29

Коронавирусийг эмчлэх "Мир-19" эмийн эмнэлзүйн туршилтын хоёр дахь шат эхэлсэн талаар Оросын Анагаах-биологийн агентлагийнх дарга Вероника Скворцова мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтын эхний шатны дүнгээр эмийг аюулгүй гэж үзсэн бөгөөд сайн дурынхан дээр туршихад өвчтөнүүдэд сөрөг нөлөө гараагүй байна. Ингээд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд дээр турших туршилтын хоёрдугаар шат эхэлжээ.

 

Коронавирусийг эмчлэх эмийг зуны сүүл гэхэд албан ёсоор бүртгүүлэх юм байна. Энэ эмийг эмийн сангуудаар худалдаалахгүй, эхний ээлжинд эмнэлгүүдэд нийлүүлнэ гэж Скворцова онцолжээ.

 

"МИР-19" нэртэй, коронавирусийн энэхүү шинэ эмийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр патентжуулж байв. Энэ эм COVID-19-өөс сэргийлэх болон эмчлэхэд зориулагдсан бөгөөд хамраар эсвэл хоолойруу цацаж хэрэглэж болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин