Иргэний мэдэгдэл
2021-04-25

 

Саяхан цахим мэдэгдлийн “фэйсбүүк” сүлжээнд миний нэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгыг гүтгэн доромжилж, төрөөс түргэн зайлуулахыг уриалсан бичлэг тавигджээ. Үүнтэй холбогдуулан иргэнийхээ бүрэн эрхийн хүрээнд дараах зүйлийг түмэн олондоо мэдэгдэж байна. Үүнд:

  1. Миний бие “фэйсбүүк”, “твиттер” сүлжээнд ямар нэг мэдээлэл хэзээ ч байршуулж байгаагүй бөгөөд тэдгээр сүлжээнд миний нэрээр гарч буй аливаа мэдээлэл, хөндлөнгийн этгээдийн явуулга мөн.

Ийм хуурамч мэдээлэл нэг бус удаа гарч байгааг 2014 оноос хойш хэд хэдэн удаа хууль хяналтын дээд байгууллага, Мэдээлэл-холбооны зохицуулах газрын удирдлагад мэдэгдэж, таслан зогсоох арга хэмжээ авахыг хүссэн боловч байдал үргэлжилсээр байгаа нь нэн харамсалтай. 

  1. Энэхүү хуурамч мэдээлэл нь зөвхөн иргэн миний эрх чөлөө, нэр төрд бүдүүлэг, халдаж буй үйлдэл, үйлдэл төдий бус, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэн доромжилж, түүнийгээ олон түмэнд ухуулж байгаагаараа улс төрийн бузар явуулга, эрүүгийн гэмт хэрэг мөн гэж үзэж байна.

Миний бие Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг ард түмнийхээ олонхийн найдварыг хүлээж эх орон нийгмийнхээ өмнө асар их хариуцлага, үүрч яваа хүмүүс хэмээн нэн хүндэтгэлтэй хандаж, Монголынхоо төлөө үйл ажиллагааг нь дэмжиж байдаг юм.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын улс орондоо шударга ёсыг бататгаж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж, төрт ёсыг бэхжүүлэн, улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө явуулж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн бөгөөд одоо ч дэмжиж байгаагаа мэдэгдэж байна. 

  1. УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан энэ үед дээрх хуурамч мэдээлэл, гүтгэлэг гарч байгаа нь улс төрийн бохир технологиор олон түмнийг төөрөгдүүлэн, улс орны амьдралын гол асуудлаас анхаарлыг нь холдуулж, хэрүүл маргааны харанхуй орчинд эрх мэдэл, ашиг хонжоо олохыг хичээсэн бурангуй этгээдүүдийн архаг өвчний илрэл мөн гэж үзэж байна.

  2. УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийг мушгин гуйвуулж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд орох эрхийг хасч,  төрийн өндөр алба хашиж буй төрийн сүлдэнд, тангараг өргөсөн зарим эрхмүүд төрийн амин чухал алба болсон Үндэсний  Аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг гацаах хүртэл хариуцлагагүй хандах болсон нь нийгмийн уур амьсгалыг  бохирдуулан, таван үг холбож зөв бичиж чадахгүй хэр нь дээрх мэт хуурамч мэдээлэл зохиож тараах, бялдуучлан ашиг хонжоо олохыг хичээгч “өтний ногоон ялаа”-нуудад үржлийн таатай орчин бүрдүүлж байгаад иргэний хувиар хүнээ харамсаж байгаагаа мэдэгдэж байна 

  3. Монголын бүх ард түмний сонгосон Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн эрх зүйн чадвар, төрийг нэгтгэн зангидах боломжийг хязгаарлан бууруулах, нэр төрийг сэвтүүлэх оролдлого олон жил үргэлжилж, газар авсаар байна. Авлигад өртөмтгий 76 толгойтой төр “байгуулах”-ыг “ардчиллын хөгжил” хэмээн номлож байгаа нь Монголчууд Та бидний эрх чөлөө, хувь заяаг төрд шургалсан олигарх бүлэглэлийн гарт өгч, Монголын өв баялгийг дураараа цөлмөх санаархлыг  гүйцээх арга хэрэгсэл мөн болохыг бид амьдралаараа бишгүй мэдэрлээ.

Ирэх сонгуулийг хуурамч амлалт, худал мэдээлэл, хэрүүл маргаанд хутган үймүүлэгчдийн нөлөөнөөс ангид явуулж,  Монголын ард түмэн төрийнхөө эзэн байх эрхээ хэрэгжүүлэхийг нийт иргэддээ уриалж байна .

 

Жич:

  1. Энэ мэдэгдлийн нэг хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв. 

  2. Энэ мэдэгдлийг алив албан ёсны бүртгэлтэй мэдээллийн хэрэгслүүдэд хэвлэн нийтлэх, хувилж түгээхийг зөвшөөрч байна.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан,  Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн 

2021 оны 4-р сарын 25

Shuud.mn
Сонин хачин