Оюун санааны уяман өвчин
2021-05-05

фельетон

 

Нэгэн дунд эргэм насны эр дуртай дургүй сэрүүлгээ унтраагаад, нойроо сэргээхийн тул гар утсаа авч "нүүр ном"-оо нээв. Хамгийн түрүүнд л цухал дүүрэн хүлээж авдаг нэгэн нөхрийн "өглөөний мэнд, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй" байх тухай бяцхан бичвэр болон өөрийгөө сүүдэрлэсэн "аминчхан" зургаа тавьжээ. Ямар ч "санааны хотол өдүүлбэр" төрж амжилгүй шууд л "ууртай сэтгэл хөдлөлийн дүрс"-ийг чичрэн байж дараад, "сэтгэгдэл" дээр нь хамаг л муу муухайгаар дайрч гутаагаад, хэдэн ширүүн үгс бичив. Нөгөө этгээд ч яаж зүгээр байхав, байж ядсан хэд хэдэн үг буцааж чулуудах нь ялагдашгүй, мохошгүй нэгэн мэт. Уг нь тэр нөхрийг сайн таних нь бүү хэл уулзаж ч үзээгүй, бас яагаад үзэн яддагаа ч сайтар санах ч зүйл байхгүй. Нэг л мэдсэн түүний зураг бичвэрийг хараад л цээж дүүрэн цухал, хатсан бухал өвсөнд гал ассан мэт болдог дадалтай болоод хэр удсаныг ч бас бүү мэд.

 

 

Ер тэрхүү цээжний хөндийд байдаг бухал өвснүүд өдөрт хэдэнтээ шатдагийг ч тэр бээр үл мэднэ.

 

Энэ нь нэг нөхрөөр хэмжигдэхгүй бөгөөд "нийгмийн сүлжээн"-д яг ингэж үзэн яддаг маш олон иргэдийн нүүр номын хуудас буй. Ер нь тоог нь ч өөрөө мэдэх үгүй учир тоолшгүй гэж хэлж болно.

 

Тэгтэл түүний энэ өдөр уулзахаар цаг авсан хүний төрх нүднээ аятайхан тусах нь, халуун гал лугаа ус цацаж унтраах мэт болов. Тэрхүү иргэний үсээ тослож самнаад, хослол өмсөж, зангиа зүүж, инээмсэглэсэн нүүр дүүрэн зураг болон "Амжилт гэдэг бол, асуудал, шийдэл, үр дүн" гэх бяцхан бичвэрийн доор хэдхэн хоромд хэдэн мянган "эрхий хуруу гозойлгосон дуртай" хэмээх сэтгэл хөдлөл болон "тэврэлт", "бундан зүрх" дарсан илэрхийлэл сэлт гарч ирэх нь мань эрд нэн таатай. Яаран баясаж, сэтгэл хөдлөлийнхөө бундан улаан зүрхийг дараад, сэтгэгдэл лүгээ орж, "Амьдрал юутай баялаг, юутай үнэн үг вэ, баярлалаа" гэж бичээд, урд өмнөхөөсөө хичээж аятайхан хувцаслаад, эрхэмсэг сайхан бүсгүйтэй болзоонд явахаас ч илүүтэй уулзалтандаа яарч догдлон гарч одов.

 

Тэрхүү "соёлт эр"-ийн дүр бүхий нөхөртэй ч бас нүүр тулан уулзаж байгаагүй, яг хэзээ түүний шүтэн бишрэгч шиг үхэлдэн дагах болсноо ч сайн санах үгүй, ямарч байсан хэдэн жилийн өмнө нүүр номын нэг найзын хүсэлт"-ээр нэгэн "бүлэг"-т элсэж, тэрхүү соёлт дүртэй эрийн эрх ашгийг хамгаалах, түүний дайсан хэмээн нэрийдэгдсэн нүгүүдийг ах дүү, амраг садан, найз нөхөд хэн ч хамаагүй гутаан доромжлох, дайрч давшлах тулааны өрөгт дайчин баатар мэт лүгээ өргөмжилөгдсөнөөр өл залгах хоногийн хоол, байрны түрээс төлөх, "алимтай утас", "цахим дэлгэц" авах тэргүүтэй амьдралыг нь залгуулах тул, тэр ичих нүүр, сонжуурлах сэтгэл үгүй тэрхүү үйлдээ өдөр шөнөгүй зүтгэнэ.

 

Басхүү нийгмийн элдэв сүлжээнд түүний  тэчиядан дурладаг элдэв нүүр номын эрээвэр нөхөд ч олон бий.

 

Нийгмийн сүлжээнд олон олон хуурамч хаягтай түүний ажил завгүй мэт бөгөөд өөрийн дураар алхайран хэвтэж байгаад, амандаа аливааг хивж байгаад, архи дарс гударч байгаад ч хийж болдог тул түүнд журамлах журам, захирагдах дүрэм хэмээх нүгүүд огт хамааралгүй зүйлс аж.

 

Тэрхүү иргэний оюун санааны хувь хүн болоод нийгмийн амьдрал бол "уяман өвчин" буюу "хулгана яр"-нд баригдсан лугаа адил нэгэн бөгөөд уур цухал, бухимдал гомдол, шунал тэчияал, мунхаг тэнэглэл  тэргүүтэй элдэв сэтгэлийн хямрал гарах үед уяман өвчин загатнан зовох мэт. Ингэж зовохуйд эсэн бусын хорт үгээр хорсол заналаа тайлах ба өөрийн тэчиядан дурладаг хүмүүсдээ зусар бялдуу үгсээр сэтгэлээ хантал бичих нь хулгана ярыг маажиж тайвшрах мэт агшин зуурын өчүүхэн амар амгалан мэдрэмж өдөртөө хэдэн зуу, магадгүй хэдэн мянган удаа төрдөг боловч шаналгаат өвчин улам улам ужиграх ажээ.

 

Хамгийн хачирхалтай нь тэр бээр ийм өвчин туссанаа огт мэдэх үгүй, мэдэхийг ч хүсдэггүй тийм нэгэн балмад иргэн буй.

 

Чингээд их хотын төвд байх хэд хэдэн гадаад хэлээр давхарлан бичсэн хаягтай "борголжины мухлаг"-т цаг болзсон шүтэн бишрэгчтэйгээ уулзахаар очих үед соёлт дүртэй эр намхан ширээн дээр хөлөө тавиад гутлаа арчиж, үдээсийг нь үдэж байснаа шууд босч ирээд гар барин мэндлээд сууцгаав. Аягатай борголоо чимээтэй сорон уух, яриан завсраа хумсны завсраа цэвэрлэх, бас байн байн гар утсаа ухан, зарим үе өөр тийшээ залган ярих ба мухлагт байршуулсан амны цаас, элсэн чихэр, хутгуур модыг хэрэглээнээсээ илүүхэн базаж авч ирээд ширээн дээр шидэж тавих тэргүүтэй ойр зуурын ааль авир, ёс байдал нь ч хүртэл мань эрээс ялгарах шинж бараг огт үгүй. Европ загварын хослол өмсөж, зангиа зүүж, соёлт эрийн дүр эсгэсэн нь үлгэрлэвээс "ирвэсний арьс нөмөрсөн илжиг" лугаа агаар нэгэн бөгөөд нөгөөгөөсөө ганц ялгарах зүйл нь гэвэл тэр бээр тэрбумын хөрөнгө зоорь хурааж чадсан ба ноёдын суудалд ч дэвшиж чадсан чадварлаг нэгэн балмад иргэн бүлгээ.

 

Тэр хоёрын ярианд авах сайхан зүйл үгүй боловч өөрсдөд нь бол дэлхий ертөнцийг хувьсгаж, улс орныг удирдах гэж байгаа мэт чухал сэдвийг шивнэн маш олон зүйлийг аминчхан агаад чадварлаг ярина. Сэдэв нь болбаас соёлт дүртэй эр бээр мань эрд нийгмийн сүлжээнд өөрийн доороо дахин хэд хэдэн бүлэг сүлжээ үүсгэж нийгмийн оюун санаа, үзэл бодлыг арван хурууныхаа салхиар наадах арга барил агаад улс төрийн сонгууль, үймээн самуун, нам сүлбээний тохиролцоо болон хагарал, хэнийг урвуулж, хэнийг шарвуулах, ужид явдлын суртал ухуулга, хөрөнгөтнүүдийн хувьцаанд нөлөөлж завших, ялангуяа эрдэм соёл, сайн сайхан зүйлсийг үзэн ядан үгүйсгэж бусдыг өөрсөд шигээ будангуй байлгах, адаглаад эр, эмийн хэрүүлийн илжигний жороог хүртэл яаж тааруулах тухай ажээ.

 

Харамсалтай нь тэрхүү борголжины мухлагийн булан бүрт энэ хоёроос онц ялгарах зүйлгүй иргэд хэд хэдээрээ сууцгаах агаад хажуугийн мухлагт бас адил, замын цаадах, тэр дүүрэг болон бусад дүүрэгт ч мөн л адил хуулбарлаад тавьсан мэт нөхдүүд үржсэн байх нь балмад иргэний нийгмийн төгс гэмээр аалзны шүлсэн сүлжээ улс түмнийг ухаарах завдалгүй торлон бүрхжээ.

 

Зава Дамдин Ринбүчи

2021.05.04

Shuud.mn
Сонин хачин