Харшлын хурц үед биш бол коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно
2021-05-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.05/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Анагаах ухааны доктор А.Цогцэцэг:

 

-Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Вакцин хэрэгтэй, хэрэггүй" гэсэн мэдээ  гарч байна. Энэ нь хувь хүний  эрхийн асуудал боловч таны эрхээр бусдын эрх хязгаарлагдах ёсгүй гэдгийг зөв ойлгоорой. Манай улсад орж ирж байгаа вакцины 80 хувь нь  БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин байна. Тухайн вакцин тавдугаар сарын 15-наас өмнө ДЭМБ-д бүртгэгдэнэ. 

 

Вакциныг архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүс хийлгэж болох болов уу  гэсэн эргэлзээ, айдастай байна. Вакцин үйлдвэрлэлт нь шинжлэх ухааны 98 жилийн түүхтэй. Үүнийг бүртгэх явц нь хянамгай, ажил хэрэгч, шударга явагддаг. Архаг хууч өвчтэй хүмүүст вакцины эсрэг заалт бараг байхгүй. Хамгийн гол нь хурц, сэдрэлийн үед нь хийхгүй байж болно. Намжмал үед нь хийж болно. 

 

Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болох эсэх талаар маш их асууж байна. Харшлын хурц үед биш бол хийлгэж болно. Тухайн вакцины бүрэлдэхүүнд ордог бодист хэт мэдрэгшил үүссэн,  өмнө  энэ төрлийн бодис анафилакси  өгсөн, PEG агуулсан бүтээгдэхүүнд хүнд урвал өгч байсан хүмүүст хийхгүй байх нь зөв. 

 

Яагаад ийм төвөгтэй нөхцөлд вакцин хийлгэхийг зөвлөөд байгаа вэ гэхээр коронавирусийн халдвар авч хүндэрсэн бол байнга хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлалтай. Тиймээс зөв ойлголттой байж вакциндаа заавал хамрагдаарай гэж зөвлөмөөр байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин