ББСБ-ийн зээл 11.8 хувиар өсч, 1.4 их наяд төгрөгт хүрчээ
2021-05-06

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 530 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

 

 

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 610.1 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.4 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин  өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 2.9 хувьтай байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 2.3 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 362.9 мянга буюу нийт зээлдэгчдийн 59.5 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 270.7 мянган төгрөг байна.

 

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин