Дипломат дайн: Чех Оросоос 40 сая еврогийн нөхөн төлбөр шаардаж болзошгүй
2021-05-10

2014 онд Врбетице тосгон дахь зэвсгийн агуулах дэлбэрсэн хэрэгт Чехийн эрх баригчид Оросын тусгай албаныхныг буруутгаж, улмаар ОХУ-ын дипломатуудыг хөөн гаргаснаар хоёр орны хооронд дипломат зөрчил үүссэн юм. Харилцан дипломат ажилтнуудаа хөөж, байдал хурцадсан энэ үед Чех улс Оросоос дээрх дэлбэрэлтээс үүдсэн хохирол болох 1 тэрбум крон буюу ойролцоогоор 39 сая еврог нөхөн төлөхийг шаардахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Чехийн дэд сайд, сангийн сайд Алена Шиллеровоос авсан эх сурвалжтайгаар Чехийн телевиз мэдээлжээ.

 

"ОХУ-аас хохирлыг нөхөн төлүүлэх хамгийн энгийн арга зам нь олон улсын эрхзүйн журмыг мөрдөн нөхөн төлбөр авах арга юм. Бид эрүүгийн хэрэг үүсгэх замаар нөхөн төлбөр шаардсан бол үүнд их хугацаа зарцуулагдах байлаа" хэмээн Чехийн сангийн сайд мэдэгджээ. 

 

2014 онд Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтэд буруутай этгээдүүдээс материаллаг хохирлыг нөхөн төлөхийг шаардан Чехийн Сангийн яам нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байгаа талаар Чехийн Ерөнхийлөгч Андрей Бабиш дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Парламентын доод танхимын гишүүдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдэж байлаа.

 

Үүнээс нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Чехийн эрх баригчид мэдэгдэл хийхдээ зэвсгийн агуулах дэлбэрснээс үүдэлтэй хохирлын хэмжээ 1 тэрбум кроныг давж байгаа талаар онцолсон юм. Энэ хохиролд агуулахад хадгалагдаж байгаад дэлбэрэлтийн улмаас устгагдсан өмч болон 2014 оны сүүлээс  2020 оны намар хүртэлх хугацаанд явагдсан,  дэлбэрээгүй үлдсэн зэвсгийг устгах ажлын өртөг багтаж байгаа гэнэ. 

 

Чехийн телевизийн мэдээлснээр, 1 тэрбум крон нь дэлбэрэлтээс үүдсэн хохирлын нөхөн төлбөр болгон шаардах эцэслэсэн үнийн дүн биш аж. Дэлбэрэлт болсон газрын орон нутгийн захиргааны байгууллагууд нэмэлт санхүүгийн нөхөн төлбөр шаардаж магадгүй гэнэ. Энэ нь олон зуун сая кроноор хэмжигдэж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Улмаар ойрын үед ОХУ-аас хохирлыг нөхөн төлөхийг албан ёсоор шаардаж болзошгүй гэж Чехийн телевиз мэдээлжээ.

 

"ОХУ-ын байгууллагуудын эрхзүйн зөрчилтэй үйлдлүүдтэй холбоотойгоор олон улсын хариуцлагад Оросын талыг татах ажлыг Засгийн газрын захирамжийн дагуу манай холбоотнуудтай энэ хэргээр зөвлөлдөн боловсруулсны дараа дипломат нот бэлтгэнэ" хэмээн Чехийн Гадаад хэргийн сайд Якуб Кулганек мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чех улс ОХУ-ын 18 дипломатыг хөөн гаргахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ нь 2014 онд Врбетице тосгонд байх зэвсгийн агуулах дэлбэрэхэд Оросын тусгай албад оролцсон гэх мэдээлэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Энэ үйлдлийн хариуд ОХУ ижил хариу арга хэмжээ авч, Чехийн 20 дипломатыг "персона нон грата" хэмээн зарлаж, тэднийг дөрөвдүгээр сарын 19 гэхэд Оросын нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаардсан юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
тэнэг чехүүдэд оросууд салаавч л өгнө дөө
2021-05-10