П.Ууганбаяр: Монгол нэрээ эрхэмлэж, Монгол соёлоо түгээе
2021-05-10

 

 

“Монгол Тодотгол” ТББ-ын тэргүүн, зохиолч П.Ууганбаяртай ярилцлаа.

 

Сайн байна уу? Хоёул ярилцлагаа Олон улсад суугаа монголчууд “Монгол Тодотгол” ТББ-ыг юуны учир байгуулах болов гэдгээс эхэлье?

 

-Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Монгол Тодотгол” ТББ маань 2020 оны 12 дугаар сарын 10-нд буюу дэлхийн хүний эрхийн өдөр байгуулагдсан. Олон улсад Монгол хүний үнэ цэнэ, түүх, өв соёл, уламжлалыг зөвөөр танилцуулж, сурталчлах зорилготой. Миний хувьд “Би Монгол” ном болон BBC агентлагийн “Монгол” нэртэй баримтад нэвтрүүлэг хийж Монгол хэл, өв соёлын асуудлын талаар ярьж эхэлснээс хойш олон улсад суугаа монголчууд маань холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд маань эх хэл, өв соёлоо хамгаалахын тулд өөр өөрийн гэсэн арга барилаар тэмцэж иржээ. Иймд бид ажлаа илүү үр дүнд хүргэхийн тулд зохион байгуулалтад орж, ТББ байгуулж олон улсад дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн. Манай Төрийн бус байгууллага нь 26 гишүүнтэй буюу сайн дурын ажилчинтай. Дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар ажилладаг. Жишээлбэл, АНУ, Канад, Португали, Швед, Англи, Шотланд, Монгол, Австрали зэрэг орнуудаас холбогддог.

 

“Монгол Тодотгол” ТББ маань байгуулагдсан цагаасаа эхлэн Европын зохиолчдын хороотой хамтран олон улсад орчин цагийн Монгол дуу хоолойг уран зохиол, бичгийн хэлбэрээр хүргэхийг зорьж уран зохиол сонирхогчдын клубыг байгуулсан юм. Тодруулбал, сар тутамд хоёр удаа цахимаар холбогдож ярилцдаг. Мөн дэлхийн эх хэлний өдрийг тохиолдуулан АНУ-д байрлах Монгол өв соёлын төв болон X.Саруул-Эрдэнэ,  Ц.Наранцэцэг зэрэг багш нартай хамтран монгол хэл, бичгийн хичээлийг олон улсын хүмүүст зааж сонирхуулсан. Түүнчлэн Монгол Улсын Хэл шинжлэлийн хүрээлэн, Ж. Бат-Ирээдүй багштай хамтран өсвөр насны хүүхдүүдийн дунд монгол англи хос хэлний уран илтгэл тэмцээнийг зохион байгуулж байна.

 

Таны болон “Монгол Тодотгол” ТББ-ын туйлын зорилго нь  Монгол  гэдэг нэр, монголчуудын өв соёл, түүхийг зөвөөр танилцуулах аж. Оксфордын их сургуулийн толь бичгээс Монгол гэдэг үгний буруу тайлбарыг хасуулж чадсан байна?

 

-Олон улсад “Монгол” гэдэг үгийг буруу утгаар хэрэглэж байгаа асуудалтай тэмцдэг. Жишээлбэл, Нидерланд улсын уралдааны жолооч яриандаа “Монгол” гэдэг нэрийг хараалын үгээр хэрэглэснийг засаж залруулахаар олон улсын хэвлэл мэдээлэлд захидал илгээсэн. Хүсэлт маань ч үр дүнд хүрч тухайн Нидерланд улсын иргэн уучлалт гуйсан. Энэ асуудлаас улбаалж Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Англи хэлний ахисан шатны толь бичгээс Монгол, Монголизм, Монголойд гэдэг гурван үгний ташаа утгыг хасуулж, Монгол улс, Монгол угсаатан гэдэг үндсэн утгыг цэвэр үлдээж чадсан.  Мөн анагаах ухааны хэллэгт Дауны хам шинжтэй хүмүүсийг оношийг “Mongolism” гэсэн үгээр тодорхойлсоор байгаа тохиолдлууд байгаа. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хасах, засварлах ажлуудыг хийж байгаа.

 

Та 2014 онд “Би Монгол” нэртэй номоо хэвлэн гаргасан. Номны тухайд?

 

-2014 онд “Монгол” гэдэг ном маань англи хэл дээр хэвлэгдэн гарсан. Уг номоороо Монгол хүн гэж хэн бэ гэдэг асуултын хариултыг жирийн нэгний амьдралаар харуулахыг хичээсэн. “Би Монгол” ном маань Шотландын зохиолчдын хорооноос бодит амьдрал дээр тулгуурласан номны төрөлд тэргүүн байр эзэлсэн. Олон улсад монголчуудын үүх түүхийг мэддэг, зөвөөр ойлгодог олон хүн байдаг ч Монгол нэрийг хараалын үгээр ашигладаг,  монголчуудын талаар буруу ойлголттой цөөнгүй хүн бий. Тиймээс  өөрийн туулсан амьдралаараа дамжуулж монгол өв соёлын талаар олон улсын уншигчдад хүргэхийг зорьсон. Мөн хүүхдүүд маань гадаадад төрж өссөн учраас эх орноо таниулахын тулд номоо бичсэн юм. Одоо хүүхдүүд маань цахимаар монгол хэлний хичээл заалгаж байгаа.Миний хувьд анх удаа хилийн дээс алхахад их л сонин байсан. Бүх л зүйл шинэлэг, содон байлаа. Хэлийг нь сурахаас соёлыг нь сурах нь өөр гэдгийг мэдэрсэн юм даа.

 

Эх орныхоо юуг нь илүү санан дурсаж байна?

 

-Эх орныхоо тал нутаг, эгэл жирийн ахуй амьдралыг илүүтэй санан дурсаж байна даа.

 

 

-“Монгол Тодотгол” ТББ-аас цаашид олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байх. “Энх тайван, эв нэгдэл” цахим хандивын аян хэдэн хоног үргэлжлэх вэ?

 

-Монгол гэдэг нэрийг олон улсын толь бичгүүдэд зөв тайлбарласан эсэхийг нягталж, засварлах ажлаа үргэлжлүүлнэ. Мөн энэ талаар видео хичээл бэлтгэж олон улсын боловсролын байгууллагуудад хандана. Үүний тулд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс дэлхийн энхтайван, эв нэгдлийн өдрийг тохиолдуулан олон улсын болон монгол гүйгчидтэй хамтран “Монгол нэрээ эрхэмлэе, Монгол соёлоо түгээе” уриан дор “Энх тайван, эв нэгдэл”  цахим хандивын гүйлтийн аяныг энэ сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг хандивын аяны зорилго маань Монгол гэдэг үгний цаана том соёл,  түүх, мэдлэг, урлаг, ухаан байдгийг харуулан олон улсад дуу хоолойгоо хүргэн өөрсдийн эрх, Монгол гэдэг нэрээ эрхэмлэхийг уриалахад оршино. Мөн эрүүл зөв, амьдралын хэвшлийг дэмжих, эерэг соёлыг түгээнэ.  Цаашлаад бид боловсролын чиглэлийн богино хэмжээний баримтат кино хийх юм.

 

Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа хандаж хэлэхэд?

 

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шүү дээ. Монгол зүйр цэцэн үг бүр маш гүн гүнзгий утгатай байдаг.  Өөрсдийн байгаа зүйлсээ хайрлаж хамгаалах чухал юм. Юуны өмнө Монгол хэл, өв соёлоо сайтар сурч мэдэх хэрэгтэй. Бусад орны хэл, соёл бол хоёрдогч зүйл юм. Тиймээс монголчууддаа хандаж “Монгол нэрээ эрхэмлэе, Монгол соёлоо түгээе”
гэж уриалмаар байна.

 

 

Г.Мичид

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
монгол соёл монголдоо л дэлгэрэг. өөр улс өөрийн соёлоо хамгаална гадны соёлыг эсэргүүцдэг
2021-05-11
зочин:
Өв соёлоо дэлгэрүүье гэж яриад яахав. Төр төр шиг байсан бол цэцэрлэгээс нь эхэлж сургалтын хөтбөлбөрт оруулж анги дэвших улсын шалгалтад ӨВ СОЁЛ гэж оруулах хэрэгтэй
2021-05-10