Дэлхийн улс орнуудад Ялалтын баярыг тэмдэглэлээ
2021-05-10

Тавдугаар сарын есний ням гарагт Оросын иргэд дэлхий даяар Ялалтын баярын өдрийг тэмдэглэжээ. Ялалтын баярын өдрийн гол арга хэмжээнүүдийн нэг болох "Үхэшгүй мөнхийн хороо" коронавирусийн цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар явагдаж байгаа ч зарим газарт олноор бөөгнөрөлгүй, цөөн хүн Аугаа их эх орны дайнд оролцсон өвөг дээдсийнхээ зургийг барьж, дурсгалыг хүндэтгэн алхсан байна. 

 

Тухайлбал Америкийн Нью-Йорк хотод амьдардаг оросууд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас гаралтай иргэд Манхэттен болон Бруклинээр фронтод дайтаж явсан өвөг дээдсийнхээ зургийг барин алхжээ. тэд Бруклиний цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн хэмээн РИА Новости мэдээлсэн байна. Энэхүү арга хэмжээг ахмад дайчдад тусламж үзүүлдэг "Америк дахь Оросын залуус" байгууллагын сайн дурынхан зохион байгуулжээ.

Израиль улсад болсон "Үхэшгүй мөнхий хороо" арга хэмжээ

"РГ" агентлагийн мэдээлснээр, Израилийн бүхий л хотуудад ахмад дайчид, залуусын хөдөлгөөн болон орон нутгийн захиргааны төлөөлөгчид оролцсон баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээ Иерусалим, Тель-Авив, Хайф, Бат-Ям, Петах-Тиква, Беэр-Шев, Димон хотуудад зохион байгуулагдаж, фронтын дайчдын хамтаар тэдний үр хүүхэд, ач, гуч жагсчээ. Энэ үеэр дайны үеийн дуу хөгжим эгшиглэж, арга хэмжээнд анх удаа Израилийн батлан хамгаалахын армийн ЦАХАЛ анги оролцсон байна.

Германд коронавирусийн хязгаарлалтын улмаас "Үхэшгүй мөнхийн хороо" зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаагүй ч Берлин хотын орос хэлтэй оршин суугчид мөн л өвөг дээдсийнхээ хөргийг барин Панков, Тиргартен болон Трептов цэцэрлэгт хүрээлэн дэх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөн дээр цуглажээ. Оросын дипломатууд хөшөөнд цэцэг өргөх ёслолд Германы иргэд ч оролцсон байна. Тэдний дунд зарим улс төрийн намын гишүүд, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Мигель Бергер, Бранденбургийн дурсгалын цогцолбор сангийн захирал Аксель Дреколл, Германы цэргийн булшны арчилгаа хариуцсан ардын холбооны тэргүүн Вольфганг Шнайдерхан болон сайн дурын эрэл хайгуулчид оролцжээ.

 

Энэтхэгт тавдугаар сарын есний өдөр Аугаа их Эх орны дайны дурсгалд зориулсан анхны цогцолбор хөшөө нээлтээ хийжээ. Энэ хөшөөг тус улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэр дээр байрлуулсан байна. 

Харин Сирийн Хмеймим агаарын бааз дээр баярын парад болсон байна. Сири дэх ОХУ-ын Агаарын цэргийн хүчин болон Сирийн армийн цэргүүд баярын парадад оролцон, жагсчээ. Ёслолын жагсаалд мянга гаруй цэргийн алба хаагч, 84 техник оролцсон байна. Агаарын баазын дээгүүр Орос болон Сирийн 22 онгоц, нисдэг тэрэг нисэж өнгөрчээ. 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин