Японы иргэдийн 60 хувь нь Олимпыг хойшлуулах хүсэлтэй байна
2021-05-10

Японы оршин суугчдын 60 орчим хувь нь коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа үед Токиогийн олимпыг цуцлах эсвэл хойшлуулахыг дэмжиж байгаа талаар Ёмиури Шимбун сонин мэдээлжээ. 

 

Тус сонины явуулсан санал асуулгад оролцогчдын 59 хувь нь наадмыг цуцлах, харин 39 хувь нь олимпыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгаа хүмүүсийн 23 хувь нь тэмцээн уралдаануудыг үзэгчгүйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ төрлийн шийдвэр өмнө нь гарсан бөгөөд гадаадын үзэгчдийг тэмцээн уралдаан руу нэвтрүүлэхгүй байхаар Японы олимпын зохион байгуулагчид шийдвэрлэсэн юм. 

 

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд TBS News агентлагийн явуулсан судалгаагаар оролцогчдын 65 хувь нь олимпыг цуцлах эсвэл хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол тэдгээрийн 37 хувь нь арга хэмжээг нэг мөр цуцлах, харин 28 хувь нь дахин хойшлуулах саналтай байгаа гэнэ.

 

Өмнө нь энэ төрлийн судалгааг Коидо агентлаг дөрөвдүгээр сард явуулж байсан юм. Энэ судалгаагаар, оршин суугчдын 70 хувь нь Олимпыг хойшлуулах эсвэл цуцлах саналтай байгаагаа илэрхийлж байв.

 

Эргэн сануулахад, Токио-2020 олимп өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны хооронд зохион байгуулагдахаар болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин