Арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн Том Круз "Алтан бөмбөрцөг"-өөс татгалзжээ
2021-05-11

 

"Алтан бөмбөрцөг" шагналыг олгодог байгууллагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хэмээн үзсэн Америкийн жүжигчин Том Круз энэ шагналаас татгалзахаар шийдсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Холливудын гадаад хэвлэлийн холбооныхныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг гэсэн шүүмжлэл, дуулиан гарсны дараа алдарт жүжигчин Том Круз "Жерри Магуайер" болон "Долдугаар сарын дөрвөнд төрсөн" кинонуудаар шилдэг эрэгтэй дүр, "Магнолия" киноны туслах дүрээр хүртсэн "Алтан бөмбөрцөг"-ийн шагналаас татгалзсан байна.

 

Энэ нь "Алтан бөмбөрцөг" шагналыг гардуулдаг Холливудын гадаад хэвлэлийн холбооны санхүүгийн схемийн талаарх эрэн сурвалжлах нийтлэл гарсны дараа дэгдсэн дуулиантай холбоотой гэнэ. Эрэн сурвалжлах нийтлэлийн зохиогчид тус холбооны 87 гишүүний дотор нэг ч өнгөт арьстан байгаагүй нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн шүүмжилжээ. 

 

Үүний дараа жүжигчин Скарлетт Йоханссон, Марк Руфалло нар Холливудын гадаад хэвлэлийн  холбоог шүүмжилсэн бол тэдний араас Нетфликс болон Амазон мөн л ялгаварлан гадуурхахын эсрэг байгаагаа илэрхийлэн кинонуудаа "Алтан бөмбөрцөг" наадамд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин