COVID-19: Малайзад зургадугаар сар хүртэл хатуу хөл хорио тогтооно
2021-05-11

Малайзад улс даяар хатуу хөл хорио тогтоохоор болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 12-ны өдрөөс зургадугаар сарын долооныг хүртэл улс даяар хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын дараа  гаргасан гэж тус улсын Ерөнхий сайд Мухиддин Яссин мэдэгджээ. 

 

Хөл хорионы үеэр бүхий л боловсролын байгууллагууд хаагдана, харин олон улсын шалгалт өгөх элсэгчид хэвийн журмаар шалгалтад хамрагдах юм байна. Түүнчлэн эцэг эхчүүдэд тусламж үзүүлэх үүднээс цэцэрлэгийг хэвийн ажиллуулсан хэвээр байх гэнэ.

 

Хатуу хөл хорионы үеэр албан газруудын ажлын байранд нэг дор ажиллагсадын 30-аас илүүгүй хувийг ажиллуулах ёстой. Нэг автомашинд гурваас дээш хүн зорчих ёстой бол хот, дүүрэг, муж хооронд зорчиход цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл авах ёстой гэнэ.

 

Өмнө нь Малайз улс халдварын тохиолдол эрс өссөний улмаас нэгдүгээр сарын 22-ны өдрөөс гуравдугаар сарын тавны хооронд хөл хорио тогтоож байлаа. Энэ сард мөн л халдвар нэмэгдэж болзошгүй, тодруулбал тавдугаар сарын дунд үеэр хоногт 5000 орчим шинэ халдвар, сарын сүүлээр энэ үзүүлэлт 7000 хүрч болзошгүй гэсэн таамаглал гарсан тул ийнхүү дахин хөл хорио тогтоохоор болжээ.

 

Энд дуулгахад, 32,7 сая хүн амтай Малайз улсад цар тахал дэгдсэнээс хойш 444,5 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1,7 мянга гаруй хүн нас барсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин