Хятадын хүн ам 10 жилийн дотор 72 саяар өсжээ
2021-05-11

Хятадын хүн ам  2010 онтой харьцуулахад 72 сая хүн буюу 5,38 хувиар өсч 1 411 780 000 болсон талаар БНХАУ-ын Улсын статистикийн газар мэдээлснийг Жэнминь жибао сонин дамжуулжээ. Статистикийн газрын мэдээлснээр, 2020 онд Хятадын хүн ам жилийн дүнгээр 0,083 хувиар өссөн байна.

 

"Эх газрын Хятадын хүн ам 1 411 780 000 болсон нь 2010 онтой харьцуулахад 72,06 саяар нэмэгдсэн үзүүлэлт" гэж Статистикийн газрын тайланд өгүүлжээ. 2019 онд тус улсын хүн ам 1 400 050 000 байсан аж.

 

Статистикийн газрын мэдээллээр, Хятадад 723,34 сая эрэгтэй, 688,44 сая эмэгтэй амьдарч байгаа юм байна. Хүн амын 63,35 хувь нь 15-59 насныхан, 18,7 хувь нь 60-аас дээш насныхан байгаа гэнэ. Харин 14 хүртэлх насны хүүхдүүд хүн амын тоонд 17,95 хувийг эзлэж байгаа аж.

 

Хятадын нийт хүн амын 63,89 хувь нь хотод амьдарч байгаа гэсэн дүн гарсан нь 2010 онтой харьцуулахад 14,21 хувиар өссөн үзүүлэлт гэж Статистикийн газар мэдээлжээ. Харин хүн амын 40 орчим хувь нь тус улсын дорнод хэсэгт, дөрөвний нэг нь төвийн бүсэд амьдарч байгаа бол 2010 онтой харьцуулахад зүүн хойд нутгийн хүн ам 1,2 пунктээр буурсан байна.

 

Хүн амын тооллогын дүнгээс харахад, Хятадын нийт хүн амын 91,11 хувь нь Хань үндэстэн, үлдсэн 8,89 хувь нь үндэсний цөөнхөд хамаарч байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хань үндэстэн 4,93 хувиар, үндэсний цөөнхүүд 10,26 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин