НҮБ ажилтнуудаа Оросын вакцин тариулахыг уриалжээ

img

НҮБ ажилтнуудаа Оросын "Спутник V" вакциныг зөвшөөрсөн орнуудад энэ төрлийн вакцин тариулахыг уриалжээ. Энэ талаар тавдугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдсэн байна. 

 

"Спутник-V" вакцинаар дархлаажуулалт хийж байгаа орнуудад ажиллаж буй НҮБ-ын ажилтнуудыг энэ вакцин тариулахыг бид уриалж байна" хэмээн Гутерреш Оросын сэтгүүлчидтэй ярилцах үеэр мэдэгджээ. 

 

Өмнө нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Марианжела Симао зургаа эсвэл долдугаар сард Оросын вакцины аюулгүй байдлыг ДЭМБ үнэлэхээр тооцоолж байгаа хэмээн мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Оросын вакцин үйлдвэрлэж буй таван өөр үйлдвэр дээр очих бөгөөд хоёр үйлдвэр дээр ДЭМБ-ын шинжээчдийн хамтаар Европын Эм бэлдмэлийн агентлагийн мэргэжилтнүүд ажиллах аж.

 

Энд дуулгахад, Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусийн халдвараас сэргийлэх "Спутник V" вакциныг 2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн юм. Энэ вакциныг Оросын Гамалеягийн нэрэмжит төвийн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд өдгөө "Спутник V" вакциныг дэлхийн 60 гаруй орон бүртгэжээ.

 

2021 оны хоёрдугаар сард The Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр Оросын вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны дүнгээр үр дүн нь 91,6 хувь гэж гарсан бол, коронавирусийн халдварын хүндрэлээс 100 хувь хамгаална гэсэн үр дүн гарчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ