Казаньд болсон халдлагын үеэр сурагчдын өмнө багшийг нь хөнөөжээ
2021-05-11

Татарстаны нийслэл Казань хотын дунд сургуульд зэвсэгт этгээдүүд гал нээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэргийг үйлдсэн нэг сэжигтнийг баривчилсан бол нөгөөг нь тусгай ажиллагааны үеэр устгасан талаар КП мэдээллээ. Одоо сургууль дээр хүчний байгууллагынхан болон хотын шуурхай албад, түргэн тусламжийн багууд ажиллаж байгаа аж. 

 

Хэрэг болсон сургууль байрлах гудамж болон сургуулийн байрыг цагдаагийнхан бүсэлсэн бөгөөд хэрэг гарсан даруйд нэг сэжигтнийг баривчилжээ. Олон хүүхдийн аминд хүрсэн сэжигтэн этгээд нь Ильназ Галявиев гэх 19 настай залуу байсан хэмээн Вести агентлаг мэдээлсэн байна. 


 

"Багш хаалгаа хаасан. Бид эхлээд хаалгаа сандлаар даруулсан боловч цаанаас нь татаад байсан. Бид яахаа ч мэдэлгүй цонхоор үсэрч эхэлсэн юм. Манай анги нэгдүгээр давхарт байдаг. Дээд давхрын ангиудын хүүхдүүдийг шатаар аварсан" хэмээн сургуулиас гарч чадсан хүүхдүүд сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн этгээд хэрэг үйлдэх болсон талаараа Телеграм олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байсан гэнэ. Тэрбээр сургууль дээр гал нээхийн зэрэгцээ байрандаа тэсрэх бөмбөг нуусан, байшин дэлбэрнэ гэж бичсэн байжээ. Тиймээс сэжигтний амьдардаг байрны иргэдийг нүүлгэн шилжүүлсэн, харин дэлбэрэлт болоогүй байна.

 

 

Татарын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр энэ хэргийн улмаас долоон хүүхэд, нэг багш эмэгтэй амиа алдаж, 20 хүн шархаджээ. КП агентлагийн мэдээлснээр, амиа алдсан эмэгтэй багш бага ангийн багш байсан бөгөөд түүнийг нэгдүгээр ангийн сурагчдын нүдэн дээр хөнөөсөн аж. Амиа алдсан хүмүүсийн гэр бүл болон хохирогчдод бүгдэд нь тусламж үзүүлнэ хэмээн Татарстаны Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

 

 

Албан бус мэдээллээр, Казанийн цагдаагийнхан сэжигтнийг хэрэг үйлдэхэд нь дэмжсэн 41 настай Рамиль гэгч этгээдийг баривчилсан гэнэ. Казань үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоожээ. 

 

Сэжигтэн энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан сэдэл нь одоогоор тодорхойгүй. Суралцах үедээ багш болон сурагчидтай таагүй харилцаатай байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Сэжигтэн Ильназын ар гэрийнхний мэдүүлгээр, тэрбээр шашин шүтлэггүй байсны дээр ямар нэгэн муу санаа агуулж байгаа, тэр дундаа өнгөрсөнд тохиосон гомдлын төлөөх өш хонзон авахаар зэхэж байгаа гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй гэнэ. Сэжигтэн энэ сургуульд суралцаж байгаад, дөрвөн жилийн өмнө төгссөн байна. Дунд сургуулиа төгссөний дараа мэдээллийн технологийн чиглэлээр коллежд элсэн орсон байжээ. 

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, сургуульд гарсан халдлагын улмаас 11 хүн амиа алдсан байна. Хэргийн үеэр гэмт этгээдүүдээс зугтах гэсэн хоёр хүүхэд гурван давхраас үсэрч, амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батбаатар:
Англи хэлний багш хүүхдийн амийг биеэрээ хааж буудуулсан өөр багш хаалгаа түгжээд сандал ширээгээр даруулаад газар чимээгүй хэвтүүлсэн өөр багш цонхоор хүүхдүүдээ гаргасан зэргийг харахад хүүхдийн төлөө аюулын үед өөрсдөө золиослон хамгаалдаг нь бахархууштай
2021-05-13
Ee burhan mini buu uzegd
2021-05-11
Бүү үзэгд:
Бүү үзэгд
2021-05-11