ОХУ-д вакцинд тариулсан хүмүүст урамшуулал олгох санал гаргав

Оросын томоохон агаарын тээврийн компаниуд коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан зорчигчдод зориулан 500-5000 хүртэлх рублийн хэмжээний дэмжлэг олгох урамшууллын систем нэвтрүүлэх саналыг Бүх Оросын зорчигчдын нэгдэл гаргажээ. Энэ саналаа ОХУ-ын Тээврийн сайд Виталий Савельевд хүргүүлсэн талаар Известия сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, тавдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны хооронд урамшууллын арга хэмжээ зохион байгуулах, энэ хугацаанд вакцин тариулсан зорчигчид урамшуулал авахаар зохицуулахыг санал болгожээ.
"Тээврийн компаниуд аль болох хурдан хугацаанд зорчигчийн урсгалыг сэргээж, хүмүүс тээврийн үйлчилгээ авахыг хүсэж байгаа. Коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтыг идэвхжүүлснээр халдварын гурав дахь давалгаа үүсэх болон тээврийн салбарын үйл ажиллагааг хязгаарлах эрсдэлүүдийг бууруулна" хэмээн Бүх Оросын зорчигчдын нэгдлийн дарга Илья Зотов мэдэгдсэн байна.
Тээврийн яаманд гаргасан тэдний энэ саналд тээврийн хэрэгсэл түрээслэх үйлчилгээ, такси, төмөр замын тээвэрт ч мөн урамшуулал олгохыг хүсчээ. Энэ саналыг хүлээн авсан ОХУ-ын Тээврийн яам зохих төвшинд авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, ОХУ даяар коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын хурд хангалтгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Энэ улсад дотоодын боловсруулсан гурван ч вакцин хэрэглээнд нэвтэрсэн ч иргэд дархлаажуулалтад төдийлөн хангалттай хамрагдахгүй байгаагийн улмаас урамшууллын арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, Оросын нийслэл Москва хотод вакцин тариулсан ахмадуудад өнгөрсөн сараас эхлэн урамшууллын тасалбар олгох болсон бөгөөд 1000 рублийн үнийн дүнтэй энэ эрхийн бичгийг эмийн сан, хүнсний дэлгүүр, кафе зэрэг үйлчилгээний байгууллагуудад ашиглаж болох аж.
Коронавирусийн халдварын тухайд, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 4,83 сая халдварын тохиолдол илэрснээс 4,45 сая хүн эдгэрч, 112 мянга гаруй хүн нас барсан гэсэн албан мэдээлэл бий. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Орос даяар вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 21,5 сая хүн вакцинд хамрагдсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ