Дуа Липа сувилагч нарын цалинг нэмэхийг Борис Жонсонд хандан уриалжээ
2021-05-12

Британийн BRIT Awards хөгжмийн шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 11-нд болж өндөрлөлөө. Энэ ёслолын үеэр поп дуучин Дуа Липа "Британийн шилдэг гоцлол дуучин" шагнал гардан авсан байна. 

 

Дуа Липа энэ шагналыг гардан авах үедээ хэлсэн үгэндээ сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхийг Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд хандан уриалсан талаар ВВС мэдээлжээ.

 

Тодруулбал, Липа шагналаа гардан авсныхаа дараа эрх тэгш байдал, шударга ёсны төлөө тэмцэж байсан сувилагч Элизабет Анионвуд шагналынхаа нэг хэсгийг өгнө хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 74 настай Анионву 1998 онд сувилахуйн ажил дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Сувилахуйн дадлагын төв байгуулж байсан юм.

 

Шагнал гардан авах үеэрээ хэлсэн үгэндээ Липа "2018 онд энэ шагналыг гардан авах үеэрээ энэ тайзан дээр аль болох олон эмэгтэйг харахыг хүсч байна гэж хэлж байсан. Гурван жилийн дараа хүсэл минь биелснийг харахад бахархаж байна. Шагналынхаа нэг хэсгийг хэн нэгэнд зориулах нь гайхалтай санаачилга. Тиймээс би энэ удаад хатагтай Элизабет Анионвуд шагналаасаа зориулахаар шийдсэн" хэмээжээ. 

 

Анионву эрх тэгш байдлын төлөө тэмцэж байсныг Липа онцлоод Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд хандан сувилагч нарын цалинг нэмэхийг уриалсан байна.

 

"Тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлэх болон хүндлэхийн хооронд асар том ялгаа бий, тэдэнд талархах нь сайн хэрэг ч бид тэдэнд төлбөр төлөх ёстой гэж Анионву хэлж байсан. Тиймээс бид бүгд алга ташин баяр хүргэхийн дээр фронтын тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагчдын цалинг шударгаар нэмэхийг дэмжиж байгаагаа Борисд дамжуулах ёстой" хэмээн Дуа Липа өгүүлжээ.

 

Энд дуулгахад, 41 дэх удаагийн BRIT Awards  наадам энэ он гарснаас хойших Британийн хамгийн том олон нийтийн арга хэмжээ болсон юм. Лондонд байх, 20 мянган үзэгчийн багтаамжтай О2 Арена цэнгэлдэх хүрээлэнд коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан 4000 хүнийг нэвтрүүлжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тасалбарын тал хувийг коронавирусийн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд тэмцэж яваа хүмүүсийн дунд сугалаа байдлаар үнэгүй тараасан гэнэ.

 

Энэ наадмыг ашиглан Засгийн газрын дэргэдэх эрдэмтэд туршилт явуулсан бөгөөд туршилтын хүрээнд цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрсэн хүмүүс зай барих, амны хаалт зүүх шаардлагагүй байсан гэнэ. Гэхдээ ёслолын дараа коронавирусийн шинжилгээ дахин өгөх ёстой байхаар журамлажээ. Ингэснээр,туршилтын дүнгээс хамаарч шөнийн клубүүдийг нээх, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлыг шийдэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин