Вакцинаас болж нялх биетэй эмэгтэй нас барсан эсэхийг ШШҮХ тогтооно
2021-05-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Чингэлтэй дүүрэгт нялх биетэй эмэгтэй, вакцины эхний тунгаа хийлгээд нас барсан хэрэг гарлаа. Вакцинаас шалтгаалсан нас баралт бүртгэгдэж байна уу? 

 

-ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг богино хугацааны ерөнхий биеийн болон хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний буюу богино хугацаанд  илрэх урвалд анафилаксийн шок буюу амь насанд аюултай байх урвал  эхний 30 минутад илэрдэг. Энэ хугацаанд эмч мэргэжилтнүүдийн хажууд хянаж хийхээр зохион байгуулсан. Аливаа нэг вакцин хийлгэснээс хойш 30 минут биеэ ажиглана. Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг. Тиймээс эхний 30 минутыг хянаж байж, гэр лүү явуулдаг. Эхний 30 минутад илрэх урвалаас болгоомжлох ёстой. Цаашид тухайн хүнд ямар хэвийн урвал илэрч байна гэдгийг тандалт судалгаа хийгээд явах ёстой. 

 

Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр

 

-Вакцинаас болж  хүн нас барлаа гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд хэд хэдэн удаа гарч байна. Гэхдээ тухайн хүмүүс вакцинаас болж нас барсан эсэхийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эцэслэн тогтооно. Бид  шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд үүний дараа ЭМЯ-наас тодорхой мэдээлэл өгнө. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин