Хонконгийн эмэгтэйчүүдийн тал хувь нь хүүхэд төрүүлэх хүсэлгүй
2021-05-12

Хонконгийн эмэгтэй оршин суугчдын талаас илүү хувь нь хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа гэнэ. Ийм дүн   Хонконгийн эмэгтэйчүүдийн холбооноос явуулсан олон нийтийн судалгаагаар гарсныг ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 65 хувь нь хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа нь хүүхдэд шаардагдах зардал их, ажил дээрээ завгүй байдаг, хангалттай хэмжээний орон сууцгүй зэрэг шалтгаануудтай холбоотой гэж Хонконгийн эмэгтэйчүүд хариулжээ. 

 

Тэр дундаа залуу эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа гэсэн судалгааны дүн гарсан байна. Судалгаанд оролцсон 19-29 насны эмэгтэйчүүдээс ердөө 16 хувь нь хүүхэд төрүүлэх бодолтой хэмээн хариулжээ.

 

Энэ судалгааны дүнгээр Хонконгийн эмэгтэйчүүдийн холбоо эрх баригчдадаа хандан хүүхэд төрүүлж, өсгөх нь дарамт болдог байдлыг арилгахын тулд ээжүүдэд олгох нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсан байна.

 

Энд дуулгахад, Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконг 7,5 сая хүн амтай. Хонконг дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудын нэгд тооцогддог бөгөөд нэг квадрат километрт 6777 хүн ноогддог аж. Түүнчлэн төрөлтөөр хамгийн бага хувьтай улс орнуудын тоонд багтдаг. 2017 оны байдлаар төрөх насны нэг эмэгтэйд 1,19 хүүхэд ноогдож байжээ. 

 

Хонконгт төрөлт жилээс жилд буурсаар байгаа бөгөөд 2014 онд 1000 хүн тутамд 8,6 төрөлт ноогдож байсан бол энэ үзүүлэлт 2018 онд 7,2 болж буурсан байна. Улмаар 2033 он гэхэд хүн амын 26,8 хувь нь 65-аас дээш насныхан болно гэсэн судалгаа гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгост спутник үйлдвэрлэдэг болсон
2021-05-12
хэт их хүн амтай газар яаж хүсэх вэ
2021-05-12