Бэнксийн зураг хоёр сая доллараар зарагджээ

Британийн гудамжны зураач Бэнксийн "Одоо шоолж л бай, гэхдээ нэгэн цагт бид та бүхнийг захирна" нэртэй зургийг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар хоёр сая гаруй ам доллараар заржээ. Дуудлага худалдааг тавдугаар сарын 11-ний өдөр шууд дамжуулсан байна.
Дуудлага худалдааны эцсийн өртөг нь 1,7 сая ам.доллар болсон бөгөөд нэмэлт төлбөрүүдийг төлснөөр зургийн шинэ эзэн 2,07 сая ам.доллар төлөх ёстой аж. 2002 онд бүтээсэн, 76х102 см хэмжээтэй, хатуу цаасан дээр зурсан энэ зургийг өмнөх эзэн нь 2007 онд авч байжээ.
Бэнкси гэдэг нь улс төрийн идэвхтэн, найруулагч, гудамжны урлагийн андерграунд зураачийн нууц нэр юм. Тэрбээр бүтээлүүддээ зохиогчийн эрх авдаггүй. Бэнксийн 25 бүтээл Германы Вайлбург дахь үзэсгэлэнд дэлгээтэй байдаг аж.
Энд дуулгахад, Бэнкси гэх нууц нэрээр алдаршсан зураач одоогоос жилийн өмнө буюу 2020 оны тавдугаар сарын зургааны өдөр ээлжит бүтээлээ Английн Саутгемптон хотын эмнэлгийн ханан дээр байрлуулж байв. Нэг квадрат метр талбайтай хар цагаан өнгийн энэ зургийг эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцсөний дараа сэхээн амьдруулах тасгийн ойролцоох ханан дээр өлгөсөн байна.
Энэ зураг дээр хогийн савны хажууд суусан хүүг дүрсэлжээ. Хүү Хүн аалз болон Бэтмэн тоглоомыг орхиж, шинэ супер баатраар тоглож байгааг харуулах бөгөөд шинэ супер баатрын дүрээр Үндэсний эрүүл мэндийн албаны сувилагчийг дүрсэлсэн байна. Сувилагч Супермен агаарт нисдэг шиг гараа урагш сунгажээ.Сувилагч амны хаалттай, ардаа нөмрөгтэй байх бөгөөд хормогч дээр нь улаан загалмай зурсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ