Куба дотоодын вакцинаараа иргэдээ дархлаажуулж эхлэв
2021-05-12

Хаванад коронавирусийн халдвараас сэргийлэх бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхэлжээ. Эхний ээлжинд иргэдийг дархлаажуулахад эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд явж байгаа дотоодын Абдала вакциныг ашиглах бөгөөд эрсдэлийн бүлгийнхэн болох 60-аас дээш насныхныг хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах юм байна. 

 

Куба улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, Абдала вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны явцад гарсан үр дүнгээр энэ вакцин нь аюулгүй, ноцтой хариу урвал үүсгэхгүй гэдэг нь тогтоогдсон гэнэ.Вакцинаас үүдэх эрсдэл бага тул Абдала вакциныг иргэдэд тарихаар шийдвэрлэсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Хосе Порталь мэдэгджээ. Харин Абдала вакцины туршилтын сүүлийн шатны эцсийн дүн зургаа, долдугаар саруудад гарах юм байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Кубын эрх баригчид таваас долдугаар сарын хооронд нийслэл болон долоон мужид 770 мянга гаруй хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн бол зургадугаар сарын хоёр дугаар хагасаас эхлэн наймдугаар сар гэхэд дахин 920 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулахаар тооцоолж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Кубад эмнэлгийн ажилтнууд зэрэг цар тахалтай тэмцэх ажилд оролцож буй иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа юм. Иргэдийг вакцинжуулах ажилд тус улсад боловсруулсан өөр нэг вакцин болох Соберана02 бэлдмэлийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тарилга мөн л туршилтын сүүлийн шатандаа явж байгаа аж.

 

Вести агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын сүүл гэхэд дотоодын вакцины гурван тунг хүн амынхаа нийт 70 хувьд тарихаар Кубын эрх баригчид төлөвлөсөн байна. Кубад дархлаажуулалтын ажил сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч оршин суугчид нэн ухамсартай байгаагийн дээр коронавирусийн эсрэг бэлдмэл боловсруулж буй эрдэмтдэдээ ихээхэн итгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. ВВС агентлагийн дамжуулснаар, вакцин тариулахын эсрэг байгаа хүн олоход тун бэрх, харин ч Хаванын оршин суугчид вакцинжуулалтад идэвхтэй бүртгүүлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэзээ Хавана гэж бичиж байлаа.Гавана
2021-05-12