Тесла компани цахилгаан машинуудаа биткоиноор худалдах ажиллагаагаа түр зогсоож байгаагаа Илон Маск мэдэгдлээ. Тэрбээр дэлхий дээрх хамгийн алдартай цахим валютын оршин тогтнох, эргэлтэд орох нөхцлийг хангах үйл ажиллагаа нь ашигт малтмалын олборлолттой холбоотой бөгөөд энэ нь экологид хор хохирол учруулж байгаа тул ийм шийдвэр гаргах болсноо дуулгажээ.
"Тесла биткоин ашиглан тээврийн хэрэгсэл худалдах ажиллагаагаа зогсоож байна. Биткоиныг бий болгох, гүйлгээнд оруулах ажиллагааг хангахад олборлодог түлш тэр дундаа хорт хаягдлын хамгийн муу үзүүлэлтүүдтэй нүүрс ашигладагт бид санаа зовниж байгаа юм" хэмээн Илон Маск Твиттер хуудсандаа бичсэний дээр компани одоогоор биткоины нөөцөө ч худалдахгүй гэж онцолжээ.
Илон Маскийн өгүүлснээр, биткоин болон бусад цахим валют нь ихээхэн ирээдүйтэй ч тэдгээрийг хөгжүүлэхэд "хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж", өндөр төлөөс төлнө гэдгийг хайхрахгүй орхиж болохгүй гэнэ.
Тесла компанийг үүсгэн байгуулагч ийм мэдэгдэл хийсэн нь цахим валютын ханшид нөлөөлсөн байна. CoinDesk сайтын мэдээллээс харахад, тавдугаар сарын 13-ны пүрэв гарагт шилжих шөнө биткоины өртөг 15 хувиар буурч, 47,9 мянган доллар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |